2027 оны ёслолын буудлага
Миний хүү цэрэгт явахдаа надад нэг хайрцаг хадгалуулсан юм. “Ээж ээ, нууц юм байхгүй ээ, таны надад хийж өгсөн зургийн цомгийг орхиж байгаа юм. Цэрэгт хүмүүс үзээд дэмий байх. Зүгээр л, танд байж байвал санаа амар гээд аваад ирлээ” гээд өгснийг нь би номын сандаа хийгээд мартсан. Харин өнөө өглөө хүүгээ санаад нөгөө хайрцгийг нээлээ.
Хэн нэгэнтэй хамт бүтээсэн дурсамж бололтой хос тасалбарууд, хоолны баримт, хүүхдийнх шиг бичигтэй зурваснууд, хүүгийн минь нэрийг хатгамалдсан энгэрийн алчуур.
Миний хүүдээ зориулсан дэвтэр хамгийн доор нь байна. Авч явахад авсаархан жижиг мөртлөө зузаан цаастай дэвтэр гээд л хайсаар явж их дэлгүүрээс олоод учиргүй баярлаж байж билээ. Дээр үеийнх шиг зургаа цавуудаж наагаад энд тэнд нь юм бичиж, зураг зурж, элдэв наалт гоёлоор чимсээр “Ээжийн эрхэм хүүгийн зурган нандин намтар”-ыг хэдэн сар бүтээсэн сэн. 9-р ангидаа өөр хотод сурахаар явахад нь анх бэлэглээд, дараа нь зураг дурсгал нэмээд явдаг болсон нь энэ.
Ямар азаар би гурван хүүхдэдээ ийм цомог өгье гэж шийдэв ээ, яаж тэр санаагаа бас гүйцээв ээ гэж өөртөө хязгааргүй баярладаг юм. Цомгоо буцааж хийх гэтэл хайрцагны ёроолд дөрвөлжин шугамтай дэвтрийн нугалсан цаас байна.
“Би ээж шигээ охинтой гэрлэнэ. Тэгээд түүнийгээ аав шигээ хайрлана” гээд миний муу хүү сарайлган бичсэн байсан. Муухай гэж миний голдог байсан тэр бичгийн хэлбэр ертөнцийн хамгийн сайхан уран бичлэгээр зүрхэн дээр минь угалзран, харамсаж гэмшиж, халаглан уулгалсан амьдралын минь он жилүүд очирын бороо болон нүднээс минь асгарсан.
Энэ бол шинэ жилийн минь эхний ёслолын буудлага байлаа.
2026 оны 1 сарын 1-нд сэтгэлийн их үйлсээ эхлүүлэх гоодальчууд маань бүр 2027 оныхоо шавыг ч үүгээрээ бас тавиг!
