Хайрыг худалдан авахаа больсон…
Чамайг өөр лүүгээ нүүж эхлэнгүүт олон хүн чамаас явна.
Эрх чөлөөгүй байдал, гарын доорх чиний эвтэйхэн байрлал тав тух нь болж байсан хүмүүс чамайг өөртөө үнэнч болоод ирэнгүүт чамаас явна.
Юугаа ч өөрөө сонгодоггүй, шийддэггүй, юундаа ч хариуцлага үүрдэггүй амьдрал чинь яг юунаас бүтэж байсныг үзэх мэлмий чинь нээгдэнгүүт ёстой хараагүй байсан нь дээр байж дээ гэмээр олон гашууныг чи нүд хорсгон нээнэ.
Чам дээр хамаг бурууг манипуляцийн эмээл мэт тохон мордоод, өрийн морь шиг талхидаг байсан хүмүүс унуулахаа болингуут чинь сонирхохоо болино.
Чамайг асааж унтраадаг байсан удирдлага нь эвдэрчихлээ гэж ахиад хэсэг загнана аа, нөгөөдүүл. Харин чи урьдынх шигээ тэрийг нь засахаар ухасхийхгүй.
Чи хайрыг худалдан авахаа больсон. Бас зарахаа ч байсан.
Сайшаал шагналын төлөө унаж тусан гүйхгүй, иллэгийн төлөө хүчин зүтгэхгүй болсон.
Харин голд чинь шигдчихээд “Хөөе, урьдынх шигээ тааваараа тавтай амьдаръя л даа, энэ хувьсгалын эргүүлэгт чинь зутраад байна шүү дээ” гэж дотроос маажлах жинхэнэ дайснаа чи олсон. Эгцлэн харахын төдийд сарнин замхрах тэр дайсантай цуг айдас чинь бас ууршиж байгааг мэдрэх нь олон жил төөрсний эцэст арайхийн санасан гэртээ харих зам мэт ямар сайхан гээ?
Бусдад байх хэрэггүй ээ.
Зөвхөн өөртөө л байхаар шийдээд ГЭРЭЛТ СҮҮДЭР®-ийн луужинг бариад гэр лүүгээ хөдөлсөн та нартаа баярлалаа.
Гэрээ тэмцсэн сэтгэлүүд минь.
Нутгаа тэмцсэн морь, үрээ тэмцсэн эх гэх энэ хэллэгийг би сүүлийн үед олж хараагүй. Гэвч тархинд минь энэ утга тэсэн ядан булгилж байдаг. Эдгэрлийг тэмцсэн сэтгэл, гэрлийг тэмцсэн оюун!
Эдлүүлэхээ больсон болохоор өрөөлд сонирхолгүй болсон, өөрийгөө л судалдаг болсон учраас ганцаар үлдсэн, хайрын наймаанаас татгалзаж, гэрлээ асаасан хэдэн сэтгэл гэрээ тэмцэн замд гарлаа.
