Чиний сүүдэрт…
“Тав тухын бүсээс гар л гэх юм, эхлээд тийшээ чинь орчих юмсаан” гэх хошигнол хөөрхөөн хөөрхөн. Тав тухын бүс гээчийг ойлгохгүй байгаа ч хэл хурц, цус шингэн нөхдийн цаг завтайдаа цэцэрхэж байх мөчүүдэд сээтэгнэн инээд алдах улаа бутарсан эрвээхэйнүүд бас хөөрхөн. “Таалагдсан эрийнхээ шог ярианд хамгийн их инээдэг” гээд бичсэн чинь “Үнэхээр инээдтэй байгаад инээчихвэл хэрэгт орчих юм байна л даа” гэцгээсэн харагдана лээ. Хуруу төдий нь хүрч байна гэж бодохоос сэжиг гоождог хүнийхээ хэтэрхий инээдтэй үгст хэр инээж байгаагаа харчихаарай, өөрсдөө.
Хадуурсан яриандаа эргэж ороход, тав тухын бүс гэхлээр л санхүүгийн дэрнүүдтэй торгон асар, гоо сайхны мяндсан тансаглал, хаалттай зэрэглэлийн цэнгэл биш юм аа. Энэ бол хүн бүхэнд ижил харагддаг эд юмс биш, харин тэдгээрийг хүртэгч этгээдүүдийн маш нарийн түвшний мэдрэмжийн илэрхийлэл юм.
Хэн нэгний хувьд өөрийг нь байнга дорд үзэж доромжилдог харилцаа тав тухын бүс болж болно. Түүнд хэзээ ч хариуцлага оногдуулахгүй учраас тэр эндээ жаахан хүүхэд шиг загнуулаад сууж байхад л болоод явчихна.
Үнэлдэггүй ажил дээрээ өөр нэг нь тухтай байдаг байж магад. Үнэлүүлэхийн тулд нухацтай санаачилга гаргах хэрэгтэй, цаашлаад зах зээл дээр, өрсөлдөгчдийн өмнө чанга дуугарч тэрийгээ батлах ёстой, бүр өөрөө өгөр толгойгоо даагаад нэг юм эхлэх болно, төвөг шүү дээ, явж явж. “Муухай газар, шунахай дарга” гэчихээд л нүдэнд орсон хог царайлаад явж байх шиг амар юм хаа байна?
Яг үүн шиг: ядуурал, хамаарал, донтолт, өөрийгөө тамлан байж ах дүүсээ тэтгэх, хуурагдан хамт амьдрах, эцэг эхээсээ салж чадахгүй байх зэрэг бол тав тухын бүсүүд юм өө.
Харин ул шалнаас нь салгаад, өнөөх санхүүгийн дэрнүүдтэй торгон асарт залчихвал насаараа үгээгүй байсан хүнд бол дээд зэргийн тухгүй болчихно. Ингэж байж байгаад энийгээ буцаагаад авчихвал яана, ерөөсөө энэ занга байх, намайг нухах гэж байгаам биш биз, одоо бүх хүн надад атаархана… гээд л шаналж гарна, эвий.
Намган дээр торгон асар өөрөө босохгүй. Хэрэв доор нь нефть байдаггүй л юм бол. Хэрэв нефть байгаа бол өрөмдөх л хэрэгтэй болно. Өрөмдлөг ч бас тухгүй шүү, тээ?
Харин баян бөгөөд том байхыг хүсэж байгаа бол баярлаад л ухдаг газар даа.
