Уурын матриц
Удаан хугацаанд хямралын төлөвт амьдарсан хүнд тэндээс гарах нь бас нэгэн зүйлийн хямрал болдог.
Хүндээр өвдөх үед тэрхүү бэрх нөхцөл байдалд дасан зохицож, өвчинтэйгөө хамт амьдарч сурахад туслах “өвчний матриц” тархинд үүсдгийг академич Наталья Бехтерева нээсэн юм. Биеийн өвчин эдгэхэд энэ матриц дагаад цугтаа алга болчихдоггүй учраас бүрэн эдгэрэхийн тулд үүнийг ч бас эвдэх хэрэгтэй болдог байна.
Сэтгэл зүйн хямралын үйл явц ч яг адилхан.
Хэрэв хүн дайсагнасан орчин, тарчиг ядуу нөхцөл, сүйрүүлэгч харилцаанд урт хугацаанд оршиж байсан бол тэдгээр асуудлууд явсан ч сэтгэл дотор өнөөх айдас түгшүүр, гуниг зовуурь үлдэж хоцордог.
Бид зовлондоо дассан байдаг. Зовлонтойгоо барьцалдан ургаад, зовлонгүйгээр амьдарч чадахгүй болсон байдаг.
-Би уурлаагүй ээ. Би зүгээр л… гэж сонсох бүрийдээ энэ “зүгээр л” гэдгийн цаана гаргаж амжаагүй уурын бүхэл бүтэн эзэнт гүрэн газар доор нүргэлэн буйг би анирддаг. Хүүхэд байхад илэрхийлж болдоггүй байсан, хэрэв ил гаргавал шийтгэдэг, бүгд нүүр буруулдаг, зэвүүнээр доторлон чимхээд “Битгий орилоод байгаач, ээжид чинь тэртэй тэргүй хэцүү байхад” гэж шүд зуун сийгүүлэхэд нь тэвчиж, тэсэж, үүрч дүүрсээр яваад бидний нэгэн хэсэг болсон тэр уур.
Амьдрал тэгширч, азтай гэрлэсэн ч яаж ийгээд зовлонг олсоор, өдөр бүр өнөөх эзэнт улсынхаа цайзыг босгосоор байдаг. Зүрхээ бутлан тээрэмдсээр, улаан тоосыг нь нулимсаараа зууран тоосго тоосгоор нь өрсөөр... Хэчнээн шилтгээн, орд харшийг сүндэрлүүлсэн гээ.
Одоо боллоо, хангалттай!
Зовлонгийн матрицыг эвдэх цаг ирлээ.
