
Чиний хүүхэд яагаад чухам яг чамд ирсэн бэ?
“Хувь заяагаа хайрлана гэдэг бол хохирогч байхаас татгалзах явдал” гэж үздэг Юнгийн сэтгэл засалч Жинетт Парисын “Amor fati-Миний хувь заяа: Алдаа оноо бүр минь адилхан миний хувь заяа” онол гоо сайхан боловч сул цэгүүд бас бий. Эндүүрэл бүрийг хувийн домгийнхоо нэг хэсэг болгох замаар хяналтыг гартаа атгаж байна гэж бид төөрөлддөг. Зовлонгоо гоо зүй болгож, өвдөлтөө гоё сэдэв байлгах нь хэсэгтээ тайтгарал болж магадгүй ч жинхэнэ утга учраас холдуулдаг. Бид яагаад ч хамтран зохиогч биш тохиолдолд энэ арга хүчин мөхөстөж, дотны хүний үхэл, хүүхдийн өвчин, ослын үед барьц алддаг.Сэтгэл судлалын боломжийн энэ хязгаар дээр чи харин өөр зураглал босгож ирж чадна. Итгэл үнэмшлийн үзэл онолууд. Хэрэв сэтгэл зүй хувь заяаныхаа зохиогч болоход нь хүнд тусалдаг бол итгэл үнэмшил үүнээс өмнөх түүхүүдийг сөхдөг. Энэ хоёр бол эсрэгцэл биш, нэг шатны гишгүүрүүд л юм.Эхлээд хэлтэрхий бүрээр нь өөрийгөө түүж цуглуулан, сорви болгоноо хайрлахад суралцана. Тэгээд сэтгэл зүйн бүтэн байдлыг олсныхоо дараа алгаа дэлгэн, бүхнийг тавьж туухад зориглоно. Эхний гишгүүр дээр “Би чамд хайртай амьдрал/хувь заяа/хань/үр минь, яагаад гэвэл чи минийх учраас” гэж байгаа юм. Дараагийнх дээр “ХАЙРТАЙ” л гэнэ. Нөхцөл болзол, минийх чинийхгүйгээр.Маш тодорхой шалтгаан учраар чи ээж аавдаа төрсөн, тэдний гараас амссан бүхнээ чи үүнээс ч өмнө өөрөө өрөөд бэлдчихсэн байсан. Яг үүн шиг, чиний хүүхэд бас ямар ч алдаагүй шалтгаанаар чамайг сонгон ирээд, чамаас тодорхой зүйлсийг авч, басхүү чамд олон зүйлийг өгч байгаа. Эцэг эхийн бүрдүүлж буй орчин, үлгэр жишээ, амьдрах загвар нь мэдээж нэгэн нөхцөл мөн боловч орь дангаараа шинэ хүнийг бүтээдэггүй юм.Энэ бүхнийг үгээр ойлгоод толгой дохиод өнгөрөх биш үнэхээр зүрхнийхээ мухраас ухаарахад жаахан цаг орно оо.Харин тэр цаг яг одоо ирж байна.ЦЭНХЭР ШУВУУ®, “Хүний төрлүүд ба амьдралын зохиол” лекц©


