
Психопаттай нэг хөнжилд
Би психопаттай амьдарч байсан. Багын нэг найз минь психопат байсан. Психопат оноштой хүнтэй ажиллаж үзсэн.Эднээс хүмүүс чөтгөр шулам мэт айдаг, эсвэл ер бусын оюуны чадалтай юм шигээр хэт үнэлдэг. Үнэн байдал энгийн. Эд бол үлгэрт гардаг шиг хараалгаад ийм болчихсон ханхүү, гүнж нар биш. Тэднийг хайрлаад үнсээд байвал хайлаад жинхэнэ царай нь гараад ирэхгүй.Психопат бол генетикийн түвшинд тархины согогоос үүдсэн сэтгэцийн өөрчлөлттэй хүн. Тиймээс тэд эмчлэгдэхгүй. За, амархан эмчлэгдэхгүй гэе л даа. Үүнийгээ цааш удамшуулна. Гэвч байгаль бүхнийг тэнцүүлдэг учраас сэтгэл хөдлөлийг таних, мэдрэх чадваргүй боловч тэдний шалгаран үлдэх, дасан зохицох чадал өндөр. Хамгийн гол нь суралцахын мангас. Тэгэхээр психопат маань “алуурчин” болох уу, эсвэл амжилттан болох уу гэдгийг орчин, хүмүүжил л шийднэ.Бараг цэвэр математик тооцооллоор бусдын хариу үйлдлийг уншдаг, хүн чанар гэх мэт тоормозгүй, хайрлах чадвар ч байхгүй, хэрэгцээ ч байхгүй энэ хүмүүс бол өөрт байхгүйгээ өрөөлөөс шууд сорчихдог хар нүх гэсэн үг. Тэгээд ийм гэдэгтээ өчүүхэн ч зовохгүй.Ямар ч нөхцөлд хөрвөн хөгжиж, өөрийгөө төгөлдөршүүлэх замдаа ичих, өр өвдөх гэгчийг огт мэдэрдэггүй хиймэл оюун ухаантай л түүнийг зүйрлэж болох юм даа. Хэрэв ийм хүнтэй учирсан бол ямар ч сэтгэц судлал, сэтгэл зүй, чиний агуу хайр түүнийг өөрчлөхгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Хүсвэл “Психопатыг хэрхэн сургах вэ” хэцүү нэртийг тоглож болно. Гоё хүүхэн зэрлэгийн зэрлэг ирвэс хөтлөөд явж байх со стайлишшт. Гэхдээ тэр биш чи өөрөө л олсны үзүүрт ороогдсон яваагаа мартаж болохгүй.Могой, питбул, аварга аалз гэртээ тэжээж байгаа хүмүүс мэр сэр үзэгддэг болж. Эр зориг, бэл бэнчин нь сайхан ч нэг л өглөө хазуулчихсан, хордчихсон, хоолойгоо боолгочихсон сэрэх вий. Сэрэхгүй ч байх. Яг ийм эрсдэл психопаттай амьдрах үед үргэлж байна. Тэгэхээр ийм хүнтэй харьцахаасаа өмнө дээд математик дээд зэргээр үзээрэй. Харин эмийн сан энэ тэр бэлдээд хэрэггүй ээ. Уулаасаа тэрийгээ ашиглаж ч амжихгүй.Мэдрэлгүй мэдрэмжгүй гүүглээр сэтгэл зүй судалчихдаг байсан нь одоо даамжраад амьгүй ChatGPT гэх мэтээр сэтгэц эмчилдэг болоод байгаа нь та бидний өөрсдийн маань аюулгүй байдалд тун халтай юм шүү.Галаар наадах аюултай.Бусдад найдах бүр аюултай.Мэдрэмжгүй хүний мэдрэмжинд найдахыг бол яриад ч яах вэ.СЭТГЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДЭЭ НАНДИГНААРАЙ, ЭРХЭМ ХҮН МИНЬ!“Манипуляторын орон дотор” лекц©, Цөхрөл...


