Цогтын Амгалан: Эерэг харилцаа намайг тэжээдэг
Оюун ухаан зөвхөн мэдлэгт оршдог юм биш. Харин бусдыг ойлгох маш олон бичил чадваруудад, хүндэтгэлтэйгээр маргалдах, жинхэнэ бүхнийг үнэлэх гэх мэтэд оршдог. Бусдад туслах, тэр тусмаа мэдэгдэлгүйгээр тусалдаг байна гэдэг бол оюуны хэмжүүр. Хамгийн гол нь хог тарихгүй байх: үгээр, үйлдлээр, хортой бодлоор орчноо бохирдуулахгүй байгаа бол та өөрийгөө сэхээтэн гэж үзэж болно.
Дмитрий Лихачёв
Энэ эшлэлийг би анх уншаад тэр "Бусдад мэдэгдэлгүйгээр тусалдаг байна гэдэг бол оюуны хэмжүүр” гэдэг утгыг нь л сэтгэлдээ хадаж авч үлдсэн билээ. Харин сүүлийн үед хог тарихгүй байх тухай их бодож байна даа. Нэг их бодь царайгаар, хамаг амьтны төлөө гэсэн сэдлээр ч юм шиг хэрнээ дотор гүндээ тортог хөөтэй токсик үзэл санааг этикет, элдэв протоколын дагуу маш цэмцгэрхэн тавьдаг супер тоглогчид олширсон цагт хоолноосоо хогийг ялгаж салгах чадвар улам л хэрэгтэй болж байна шүү.
2005 оны зуны эхэн сард ГООДАЛЬ сэтгүүлийн анхны дугаар гарснаас хэдэн сарын дараа Ням гариг сонинд өгч байсан ярилцлагыг оюутан ахуйн анд минь олж илгээжээ. Ярилцлага өгсөн тэр өдөр би Гоодальд тун чухал хүнтэй уулзсан учраас маш тод санаж байгаа юм. Нүд нь гархилчихсан, арьс нь хуурайшаад үрчийчихсэн царайгаа хараад нүүр будгийн толио түлхээд эрүүгээ барин аргаа баран сууж байсан тэр өдөр. Одоо бодоход 20 жилийн өмнөх цэл залуу үзэсгэлэнд минь ямар ч будаг хэрэггүй байсан юм шиг л санагдаж байна. Гэвч тэр Амгаланд ингэж хэлэх гээд үзвэл тас ширвэхгүй юм гэхэд тачигнатал хөхрөх байлгүй. Монголын гүйлтийн спортын алдарт тамирчин, 90 настай Ц. Раднаа гуай “60-тайдаа би хүүхэд шиг л байж, үсэрч дэгдсэн, гүйж гялалзсан...” гэхийг сонсоод миний нугаларч, бөглөрч, блоклогдсон үенүүд сэрдэсхийн нужигнасан ч би өөрөө бултасхийн мушилзсан шиг л. За тэгээд тэртээ 20 жилийн өмнөх тэр нэгэн өдөр би хар хамбан тууз зангидсан чамин бүстэй тод ягаан даашинзаа өмсөөд, сормуус наагаад зургаа авхуулж байсан юм. Сормуусандаа түүртэн нүдээ цавчиж чадахгүй бүлтийсэн энэ зурган дээрх өөрийгөө хайрлан тэвэрмээр байна. “Чиний минь нойргүй шөнүүд, амаргүй сар жилүүдийн зүтгэл өнөөдрийн олон монгол эмэгтэйн зүрхэнд, дэлхийн өнцөг булан бүрийн монгол ээжтэй гэр бүлүүдийн өргөөнд сэтгэлэдгэрэлийг бадраасан гал голомтын тулга болсон юм шүү” гээд үнсмээр байна. Үнэтэй байна үйлчилгээ чинь, өөдгүй байна чи гэж чичлэх хүмүүсийг ч бас үлдээлгүй, бүгдийг нь өрөвдөн өргөн тэвэрмээр байна. Өнөөдөр өвөр түрийгээ жийлцэж байх хооронд эх дэлхий маань цоо шинэ эрин рүү аль хэдийн шилжчихсэн байна. Дараагийн 20-40 жилийн амьдрал тэс өөр болох талаарх 12 сарын 6-ны постыг уншсан байх. Үнэ ханшийн зөрүү биш үлдэх эс үлдэх, хэрэв үлдвэл хэрхэх асуудал л хоолойд тулах тэр цагт та бидний цорын ганц тулгуур маань эрүүл, бат, тэнцвэртэй сэтгэлзүй л байх болно. Тэрхүү шалгаран үлдэх хүчирхэг том хүний том сэтгэлийг хаанаас ч ямар ч валютаар бэлэн олоод авчихгүй тул 10-ын 67 зэрэгт сэтгэшгүй тоо 1, 2, 3... гээд л цувардаг шиг, сэтгэлээ хог, хор бүхнээс цэвэршүүлэх, төгөлдөршүүлэх замаа Инж... Очир... Гэрэлт... гээд л үргэлжлүүлээд байгаарай гэж хэлмээр байна.
За ингээд, ягаан плаажаа өмсөөд дотроосоо халуу дүүгсэн ч, гаднаасаа 11 сарын салхинд чимхүүлсээр жиндэн орж ирээд зургаа авхуулж байсан дурсгалт ярилцлагаа товчлон толилуулъя.
Тэр өдрийн уулзалт маш амжилттай болсон, миний хүссэн бүхэн бүтсэн.
Таных ч бас заавал бүтнэ.
“Өнөөгийн амьдралыг муу талаас нь харвал бүрхэг хэцүү ч энэ саарал амьдралаас эерэг гарч чаддаг, ядахдаа л цайгаа гоё аяганд ууж сэтгэлээ сэргээж чаддаг байх хэрэгтэй".
Үүнийг бичигч нь загвар зохион бүтээгч хүн. Харин одоо бол сэтгүүлч.
Цогтын Амгалан хэмээх энэ бүсгүйн нэрийг эртнээс мэдэх боловч нүүр тулан яриа дэлгэн суух боломж тохиохгүй л байлаа. Харин саяхны нэг өдөр редакцийн даалгавраар "Гоодаль" сэтгүүлийн эрхлэгчтэй ярилцлага хийх завшаан тохиосноор өнөөх боломж өөрөө хүрээд ирэх нь тэр.
Амгалан гэдэг хүний талаар товч танилцуулахгүй юу?
Би Улаанбаатарт төрсөн. Нийслэлийн нэгдүгээр дунд сургууль, Москва хотын Ахуй үйлчилгээний академийг төгсөөд Шилмэл загвар компанид зураач, УБИС, СУИС, УЭДС, ДизУДС-иудад багш, тэнхимийн эрхлэгч хийсэн. Өнгөрсөн гуравдугаар сараас эхлээд “Гooдаль” сэтгүүлийг эрхлэн гаргаж байна.
Зарим хүнд гэртээ сууна гэдэг аймшигтай санагддаг бол зарим нь ингэж суухыг бүр мөрөөддөг гэхэд болно. Харин та гэртээ бүтэн гурван жил суусан байх юм. Энэ хугацаанд юу олж авав?
Мэргэжлийн үүднээс үзвэл хаана зогссон тэр газраа л гацаж байгаа юм л даа. Харин эмэгтэй хүний хувиар ээж болох гэдэг том сургуульд орсон. Том хүүгээ төрүүлснийхээ дараа дуучин Ариунаагийн тоглолтын хувцсыг хийж байлаа. Бага хүүгээ төрүүлснийхээ дараа ч захиалгын ажил цөөнгүй хийсэн. МУИС-ийн докторантад элсэн суралцсан, гэхдээ Орост дээр юм байна гээд түр хойшлуулсан.
"idea" буюу шинэ санааны талаар ярилцъя. Та өөрөө шинэ санааг хэрхэн олж авдаг, ер нь шинэ санаа гэж юу болох талаар ярьж өгөөч?
Idea гэдэг бол гайхамшиг. Гэхдээ шинэ санаа залхуу хүнд ирдэггүй юм шиг санагддаг. Онгод гэдэг миний бодлоор гэнэт л дээрээс буугаад ирдэг зүйл биш. Аль эрт бүрэлдэж эхэлсэн ямар нэг бүдэг төсөөлөл, таамаглал, эрэлхийллийн үр нь уйгагүй зүтгэлээр тасралтгүй услагдсаар дэлгэрэн цэцэглэхийг хэлдэг байх. Санаа төрнө гэдэг сайхан боловч түүнийг тордож, хэрэгжүүлж чадах туйлбар, тэвчээр илүү чухал болов уу.
“Гooдаль"-ийг Монголын оюуны зах зээлд хүч түрэн гарч ирж байгаа сэтгүүл гэж хүмүүс ярьж байна. Ийм сэтгүүлийг эрхлэн гаргана гэдэг магадгүй их зориг шаардагдсан биз дээ?
Ийм сэтгүүл хийх санаа оюутан байхад төрж байлаа. Хэдийгээр би тухайн үеийн хамгийн сайн дунд сургуулийг онц дүнтэй төгсөж очсон ч гэсэн ерөнхий боловсрол дангаараа хувь хүний хөгжилд огтхон ч хангалттай биш юм байна гэдгийг өөрийнхөө ямар түүхий байгаагаар хэмжин ойлгосон. Эзэмших гэж байгаа мэргэжил, урлаг, соёл, хувцасны дизайны тал дээр би таг харанхуй байсан. Гэтэл хөгжингүй орнуудыг ярихаа байя гэхэд зүүн европын улсуудад урлаг, моод стилийн чиглэлээр олон түвшний сэтгүүлүүд байдгийг хараад Монголд яагаад ийм сэтгүүл гаргаж болохгүй гэж гэсэн бодол төрдөг байсан. Зоригийн тухайд бол сэтгүүл эрхлэн гаргана гэдэг нь хүнээс ямар их хүч чадал шаарддагийг мэдэхгүй байсан маань “тэнэгийн дотор амгалан” гэдэгтэй адил хэрэг болсон байх.
Оюуны тэжээл хоол хүнснээс чухал байдгийг ялангуяа уран бүтээлийн хүрээнийхэн сайн мэднэ. Харин та ийм тэжээлээ хаанаас олж авдаг вэ?
Би сэтгэлийн хөдөлгөөн ихтэй романтик талдахүн. Ойр дотныхонтойгоо эерэг харьцах, тэднийхээ төлөө амьдрах нь миний хамгийн гол тэжээл. Цаг зуурын саад бэрхшээл, алдаа гэх зэрэг таагүй зүйлс ч бас тэжээл өгдөг. Хэдийгээр урам хугарах, гомдох сэтгэл төрдөг ч гэлээ хэсэг хугацааны дараа би цаашаа яаж ахихаа ухаарчихсан байдаг.
Халдашгүй гэдэг ойлголтын талаар юу хэлэх вэ. Таны хувьд хэзээ ч халдахгүй гээд хайрцаглачихсан зүйл бий юу?
Мэдээж, хүн бүрт өөрийн давахгүй гэсэн хэм хэмжээ байгаа. "Би үүнээс цааш алхаж болохгүй" гээд зураас татчихсан зүйл хүн хоорондын харилцаан дээр их илэрдэг. Би ажлaa бүтээхийн төлөө чадах бүхнээ хийхээр шийдсэн байлаа ч энэ нь хэн нэгнийг хохироох юм бол тэр дороо шууд зогсоно. Гэр бүлийнхэнтэйгээ ойр дотно ойлголцдог байлаа ч тэдэнд хэлж болохгүй үг, харуулж болохгүй үйлдэл байна.
Одоо таны мэргэжил рүү жаахан хандмаар байна. Зөрөөд өнгөрөх хооронд өмссөн хувцас эдлэлээр нь хүний мөн чанарыг тодорхойлж болох уу?
Угаасаа нүдэн дээр ил байгаа зүйлийг тодорхойлж бололгүй яахав. Өмсөж байгаа хувцсаараа өөрийгөө илэрхийлж чаддаг хүн цөөн. Боломж нь байдаг хэрнээ хүмүүс дотоодын хэвшмэл хэлбэрээр уйтгартай хувцасладаг. Хувцасныхаа хийц чанарт их анхаардагч олонх маань эдлэх тал дээр маш хайнга, өмссөн хувцсандаа эзэн болчихсон хүн тун ховор. Жишээ нь, эр хүний ханцуйгаа татаж байгаа, зангиагаа засаж байгаа, өмдөө ялимгүй өргөжтатаад сууж байгаа, гараа халаасандаа хийж байгаа гээд энэ бүх хөдөлгөөн заавал ямар нэг зүйл илэрхийлж байдаг. Эдийг эдэлнэ, түүнтэйгээ салшгүй нэг цогц болно гэдэг бас урлаг. Нэг нь цэмцгэрхэн өмсөж байхад нөгөөх нь түүндээ түүртсэн ч байдаг юм уу, харин өөр нэг нь маш аятайхан манераар өмссөн хувцсаа чимсэн байх жишээтэй.
Хүнийг бүхий л амьдралынх нь туршид маш олон зан чанар дайран өнгөрдөг. Тэдгээрээс тодорхой нэг нь бүр өөрийнх болон шалгаран үлддэг. Танд яг одоо ямар зан шалгаран үлдээд байна вэ?
Тэвчээр юм даа . Хүүхэд байхдаа өөрийгөө жижиг сажиг зүйл дээр их сорьдог байж. Зуслан дээр ус зөөгөөд явж байхдаа одоо амрахгүй тэр хүртэл явна. Заавал тэнд очоод зогсоно гээд өмнө амардаг байсан босгоо өндөр болгодог, хичээл хийж байхдаа заавал дуусгаж байж ширээнээс босно гээд өөрийгөө сургадаг байжээ. Энэ зан шалгарч үлдсэний гол шалтгаан нь үүнийг хийхгүй бол дараа нь надад бүр хэцүү байх болно гэдэг үүднээс л ханддаг байсантай холбоотой байх.
Нэгэнт эмэгтэйчүүдийн хоорондын яриа болохоор эрчүүдийн тухай хэлэлцэлгүй өнгөрч боломгүй юм шиг санагдлаа. Жинхэнэ эр хүн гэж хэн бэ?
Зөөлөн байна гэдэг хүчирхэг эр хүнд л байдаг чанар. Эрчүүд сул дорой байх тусмаа гаднаа ширүүн, бусдыг үл тоомсорлосон маяг гаргадаг гэж би боддог.
Таны нэрийг хэн өгсөн бэ?
Аав маань Гандангийн хамба лам асан Х. Гаадан гуайгаас надад энэ нэрийг залсан гэдэг. Надад бол бүр сүүлд хэлсэн л дээ
100 жилийн өмнө төрсөн бол та ямар эмэгтэй байх байсан бол?
Тэгвэл үү? Хүрээ хүүхэн л байх байсан биз. /Инээв/. Тухайн цаг үеэсээ боловсрол, оюун ухаанаараа түрүүлчихсэн, урлагийн өндөр мэдрэмжтэй, биеэ их сайхан авч явдаг...
Одоо асуултгүй яриа үлдлээ дээ?
Манай сэтгүүлийг захиалдаг, худалдан авч уншдаг хүмүүстээ их баярлалаа. Эрчүүд маань бүсгүйчүүдийнхээ хөлөг баатар нь байж, эмэгтэйчүүд маань тэднийхээ чин зүрхний хатан хаан байгаасай.
Сэтгүүлч Х. Сэргэлэн
2005 оны арваннэгдүгээр сарын 06