goodali logo
    Эд мэдэхгүй хүн

    Эд мэдэхгүй хүн

    Танил бүсгүйндээ ороод гудамжны хувцастайгаа орон дээр нь суусан залууг “Босооч” гэж түлхэхэд тэр эхлээд ойлгохгүй, дараа нь нэг юм учрыг нь олоод,
    -Өө, чи үхлээ юү? Хүнээс илүү хог новшиндоо сүнс нь хоргодоод... гэнэ.
     

    Өөр нэг эр танилынхаа засварт нь тусалж, зуслангийн тагтны цонхыг нь будаж өгөх болов. Шилэн дээгүүр палийсан будаг, шалан дээгүүр ч бас тамтаггүй. Мэдээж эзэгтэй сэтгэл дундуур. Будаг бол цагийн ажил, харин энэ бүхнийг цэвэрлэхэд лав хэдэн өдөр болно. “Хнн, хүн сэтгэлээсээ тусалж байхад, хар адасга чинь. Мөнгө өгөхгүй л гэж ингэж байгаам, хармын тулам...” гэж залуу дотроо хорсоно.

    Ноолууран пальтотойгоо хүний машиныг шавраас гаргасан нөхөртөө дургүйцэж буй эхнэрээ “Чи чинь хад чулуу юу? Амьгүй юманд амиа тавиад...” гэнэ.

    Ахлах сургуулийн охин тренд кинонууд дээрээс харснаараа тайлсан хувцсаа яг хөл доороо орхино. Хар торгон цамцыг нь тоостой шалан дээрээс авч байгаа ээжийнхээ царайг хараад охин “Материаллаг юманд үхэлдээд бүүр нэг ялзарсан... Хүний сэтгэлийг ердөө бодохгүй, өвчтэй...” гэж зэвүүцнэ.

    “Хүн хүндээ нөхөр байх ёстой биз дээ, материаллаг бус үнэт зүйлс, ертөнцийн экзистенциал асуудлыг ойлгодог байх нь хамгийн хэрэгтэйм байгааз дээ, оюун ухаант хүнд?” гэлцэн мэтгэлцэх амархаан.

    Үгүй ээ, эд бол зүгээр л эд юмс биш юм.

    Чиний хувцастайгаа суусан цагаан хэрэглэлийг гэрийн эзэгтэй сольж, угааж, хатааж, индүүдэх болно. Хэрэв чи үнэхээр хүнийг боддог бол, амьдрахуйг мэддэг бол чиний үйлдэл бусдад юу авчирч болохыг ойлгох ёстой юм. Юун сүртэйн биш ээ. Хүн бүр адилгүй. Зарим нь гадуур хувцастайгаа орондоо орж байхад зарим нь өөрөө хүртэл унтлагынхаас өөр хувцастайгаа суудаг ч гүй байж болно. Хэрэв хүн хүндээ нөхөр байхыг эрхэмлэж байгаа бол хүн бүрийн сумтай нь ч бас нөхөрлөх ёстой. Зарим хүн эд юмсаас бүтдэг байж болно. Эдээр дамжуулан байж эдлэг бус юмсыг танин барьдаг байж болно. Амьгүй сүнсгүй юмыг хүнээс илүүд үзэж байгаа шунаг, мунаг, валиар “авгай”-ын тухай дуу бүр эртний юм өө. “Харин бид бол сүнслэг, оюунлаг, нөхөрсөг, гэгээлэг. Бидэнд эдлэл биш хүн чухал, хүний харилцаа үнэтэй, сэтгэл илүү” гэгсэд яг үнэндээ амьгүй юмсыг үл тоодог шигээ амьтай бүхнийг ч бас хайхардаггүй юм.

    Энэ бол хууль.

    Гэхдээ энэ хуулийг жаахан хүүхдүүд мэдэхгүй. Оюунаар насанд хүрээгүй хүмүүсийн яриа нь хятад, немц хоёр өөр өөрийн хэлээр тус тусынхаа үзэл бодлыг илэрхийлж байгаа үйлдэл шиг л утгагүй байдгийг бид өдөр бүр л харж байдаг даа.

    Хүн хэдий сайн ч хэлэхээс нааш... гэдэг шиг ийм нөхцөлд орж үзээгүй цагтаа өөрөө насанд хүрсэн эсэхээ мэдэх аргагүй ч байж болох юм.
    Гэрэл тусаагүй цагт сүүдэр харагддаггүй шүү дээ.

    ГЭРЭЛТ СҮҮДЭР

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00