goodali logo
    Миний нэг үйлчлүүлэгч

    Миний нэг үйлчлүүлэгч

    Дэлхийд хосгүй Борис Эйфманы балетын гайхамшигт тоглолтыг яг л цагтаа үзлээ би. 1977 онд анх хувийн театраа байгуулж, аялан тоглолтуудаараа дэлхийн сонгодог урлагт дурлагсдыг байлдан дагуулж эхэлсэн тэрээр 2013 онд балетын академиа байгуулж 2021 онд анхны төгсөгчдөө өлгийдөн авсан билээ. Жинхэнэ Эйфманы школын бүжгэн жүжигчид жинхэнэ Эйфманы зүрхний бичлэгийг яруу хөдөлгөөн болгон тайзнаа амилуулахыг нулимсан дундуураа үзэх цагийн юм цагтаа л боллоо. Анна Каренинаг хэдэн хэлээр уншиж, хичнээн киног нь үзэж, дуурийг нь сонсч, балетийг нь үзэв, харин Эйфман энэ тухай хүний биесээр хөдлөн хөдөлгөн өгүүлэхэд дэлхийн бүх Анна Каренинануудыг нийлүүлснээс ч илүү сэтгэшгүй хүчээр сэтгэлийн гүнд тэсрэлт болсон...
    Гэвч өнөөдөр би энэ тухай ярих гээгүй юм аа.

    Надад нэг үйлчлүүлэгч байлаа.

    Ганцаарчилсан уулзалт хийдэг байх үед минь бараг 2 жил надаас сэтгэл засал авсан юм. Яах гэж ирээд байдгийг нь би эхэндээ ойлгодоггүй байлаа. Яагаад гэвэл тэр хэзээ ч гол зүйлээ ярьдаггүй байсан. Зүгээр л энгийн, өдөр тутмын ахуйн сэдвүүдээр ярина, юм асуухгүй. Та надаас юу хүсч байгаа вэ, энэ уулзалтуудаас юуг хүлээж байнав, таны асуудал юу вэ гэж би олон янзаар олон удаа асуусан. “Хөөрхөн хүү” кинон дээрх
    -Чиний асуудал юу вэ?
    -Би архи уудаг бас мансуурах донтой.
    -Энэ бол жинхэнэ асуудал чинь биш ээ, зүгээр л чи асуудлаа хэрхэн тэжээдэг тухай л юм...
    гэдэг яриаг би түүнийг харах болгондоо санадаг байв. Жинхэнэ асуудлаа л юугаар яаж тэжээж байгаад ирснээ тэр надад ярьдаг байсан. Тэгтэл харин нэг удаагийн уулзалтан дээр 2017 оны оросын “Анна Каренина: Вронскийн түүх” киног үзээд хичнээн их урам хугарснаа дурссан юм. Би тэр киноны талаарх сэтгэгдлээ хэлж эхлэв үү үгүй юу, “Та бас үзсэн гэж үү? Та санаж байна уу, тэр хэсгийг...” гээд л нүд нь яг л тас харанхуйд гэрэл цэлсхийн асах мэт гялалзан, үг нь, амьсгал нь давхцан ярьж гарсан юм. Бид хэдэн уулзалт дараалан орчуулгууд, кинонууд, урлагийн бусад бүтээлүүд... гээд л товлосон нэг цагтаа багтаж ядан ярилцдаг болов. Түүний ертөнц алхам алхмаар надад тодорсоор, зам бүр Ром руу хөтөлдөг шиг, бүх яриа нэг л цэгт намайг авчирсан юм. “Анна бид хоёр адилхан. Тэр амиа хорлосон. Би ч бас... Гэхдээ би үүнийг хүсэхгүй байна!!!”.

    Би хичнээн завгүй байсан боловч түүнтэй цуг Тоска дуурийг үзэж тараад талбайн эсрэг талын кофе шоп орж билээ. Тоскагаар эхэлсэн яриа яван явсаар Анна дээр очсон.

    “Анна хичнээн олон, чиний доторх Анна ч олон. Яг түүхэн зохиол дээрх шиг ухаангүй дурласан Анна ч байгаа, бас маш ухаантай, аз жаргалтай Анна ч байгаа. Тэдний дотроос хамгийн хүчирхэг нь бүхнийг эвээр шийдэж чадсан, хүүгээ авсан, бас хайртай хүнтэйгээ гэрлэсэн, чамаас өөр хэний ч мэдэхгүй боловч ёстой жинхэнэ Анна юм. Хэрэв зохиол ингэж төгссөн бол дэлхийн утга зохиолын тэнгэрт од болон мандахгүй байсан. Хүмүүс драмд дуртай. Харин амьдрал үнэнд дуртай. Чи бол драмын, фантастик, эмгэнэлийн Анна биш. Зүгээр л амьдралын, үнэний, жинхэнэ Анна шүү дээ” гэж хэлсэн. Тэр удаан уйлсан. Тэнд бид хоёр бүтэн 4 цаг ярилцсан. Сарын дараа гэхэд тэр минь хэдэн жил үргэлжилсэн нууц харилцаагаа зогсоож чадсан. Сэтгэлээрээ бүрэн гарах хүртлээ бид хамтдаа уртаас урт нэгэн жилийг мөлхөж барсаан.
    “Таныг ирэхгүйг мэдэж байгаа ч удахгүй танд мөнгөн хуримын урилга явуулах юм шиг байна шүү” гэж сүүлд бичсэн байсан.

    Бидний дотор хязгааргүй олон дүрүүд байгаа. Аль нь байхыгаа бид өөрсдөө сонгоно. Тэр дүрийн тоолшгүй олон төгсгөл ч байгаа. Эхлэлийг чи өөрчилж чадахгүй ч төгсгөлийг өөрчилж чадна!

    ГЭРЭЛТ СҮҮДЭР

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00