goodali logo
    Бүжиглэдэг философи

    Бүжиглэдэг философи

    Суут хореографч Б. Эйфманы “Анна Каренина” балетыг үзсэн тухайгаа “Миний нэг үйлчлүүлэгч” өгүүлэлдээ би өчигдөр бичсэн билээ. Анна Каренинаг бүжиглэнэ гэхлээр үнэндээ санаанд минь багтдаггүй байсан ч тэр тусмаа үзэх юмсан гэж хорхойсдог байв, би. Ковидын үеэр дэлхийн театрууд бүтээлүүдээ цахимжуулж нийтэд үнэ төлбөргүй дэлгэх үед ч Эйфманы театрын бүтэн балетыг олж үзэх боломжгүй байсан. Аргагүй биз ээ, бүжгэн жүжиг төдий биш сэтгэлгээний урлаг, бүжиглэдэг философи юм чинь. Зарим нь Достоевскийг эх хэлээрээ уншаад ч эс ойлгох. Зарим нь түүний хамгийн ярвигтай бүтээлүүдийн амин утгыг С. В. Рахманинов, Р. Вагнер, М. П. Мусоргский, П. И. Чайковскийн симфониудаар бүжиглүүлэн өгүүлэх. Гэм зэм, Карамазовынхан, Тэнэг. Тэгээд бас Хамлетийг...
    За, би бас ахиад л яг энэ тухай ярих гээгүй юм аа.

    Надаас олон хүн ярилцлага авъя гэдэг. Ямар сэдвээр ярилцах вэ, асуултуудаа явуулаарай гэхлээр л алга болчихдог. Анх яагаад Гоодалийг хийсэн, хэн хамгийн сонирхолтой байсан... талаар 1001 дэх удаагаа донгодмооргүй л байдаг, яг үнэндээ.
    Хэдхэн хоногийн өмнө ажил хэргийн шугамаар олны танил эрхэмтэй уулзах болов, тэнд бас олон салбарын төлөөлөл ирсэн байж таарав. Сэтгүүлч гээд нэг эмэгтэй намайг танимхайрав, би мэндэлчхээд л эргэх гэтэл “Би таныг эртээр сувдан театрт харсан” гэх нь тэр. Тэнд морин хуурын чуулгын тоглолтоос өөр юм үзсэн гэх монгол хүнтэй би хэзээ ч таарч байгаагүй учраас өөрийн эрхгүй тогтож харав.
    -Ажлаар явж байсан юм уу?
    -Үгүй ээ, Эйфманыг л үзэх гээд...
    Энэ гурван үгний төлөө би түүнийг тэврэн үнсэхэд ч бэлэн байлаа. Мэдээж, ярилцлага өгөхөөр зөвшөөрсөн минь тодорхой. Хэд хоногийн дараа бид хоёр уулзсан. Ахиад уулзсан. Ахиад ч уулзах бололтой байна. Харин бидний ярилцлага удах тусмаа хаа ч нийтлэгдэхгүйгээр л болоод байна даа, гэвч. Дэндүү хувийн, дэндүү эмзэг, дэндүү “уйтгартай” энэ ярилцлагаа би нэг завтай болохоороо энгийн хэлэнд буулгах болноо. Хамгийн их зугаацдаг хүмүүс хамгийн их уйтгарладаг болохоор энтертэйнмент сэргээш шахуулж байж л өндийдөг болсон нийгмийн маань сэрлийг хөдөлгөх сэдэв биш л дээ. Урлагт хайртай, мөрөөдөх дуртай, дуртай юм руугаа бүхнээ орхиод явах зоригтой, зориглосондоо хэзээ ч харамсдаггүй хоёр жаалхан охидын шивнээг яг адилхан тийм хүүхдүүд л сонирхон баясах байх аа.

    Бидний дотор хүүхэд байдаг. Эцсийн мөчийг хүртэл байсаар байх болно. Энэ хүүхдийг жаргалтай болгосон цагт л насанд хүрэгч гарч ирдэг. Жаргалтай охиныхоо цангинасан инээдийг эргэн сонсох цагтаа чи юуны төлөө амьдардгаа мэдэх болно. Чамд хэлэх зүйл энэ охинд зөндөө байгаа. Та хоёр ч бас бид хоёр шиг олон олон дахин уулзаж, уулзах бүртээ салж ядан, уртаас урт ярилцлагыг хийхийг хүсье.


    ГЭРЭЛТ СҮҮДЭР®, "Миний хүүхэд хэцүү" лекц©

    Төстэй бичвэрүүд

    Даашинзны онош

    Даашинзны онош

    Хамт шоппинг хийхдээ хүний талаар олон зүйлийг олж мэдэж болдог. Даашинзаа хэр няхуур сонгож байна, амьдралынхаа чухал шийдэлд яг тэгж ханддаг. Нэг танил маань авсан бүх хувцсаа засдаг. Танаж, тайрч, тавьж, нэмж... эцэст нь хүнд өгөх юм нэгээр нэмэгдэнэ, гэвч авсаар байдаг. Нөхрөө англи хэлний дамжаанд явуулж, харилцааны сургалтанд бүртгүүлж, үсний засалтыг нь өөрчилж... ”Байгаагаар нь л байлгах байж” гэж тэр нэг ч удаа хэлээгүй. Ихэнх тохиолдолд засна гэдэг бол муутгана гэсэн үг байдгийг дизайнерын хувиар би бат хэлнэ. Хэрэв засаад авна гэдэг бодол төрж байгаа бол тэр хүнтэй анхнаасаа зам нийлэх хэрэггүй гэдгийг бол сэтгэл судлаачийн хувиар бүүр чиг бат хэлмээр байдаг. Даанч бидний дотор айхтар “засдаг эм” орших юм даа. Багын нэг найз маань 90-ээд оны зургаа харж байгаад “Ёооё, энэ нүдийг будсан дотор стилистийнхээ гарыг нь тастчих юмсан” гэж билээ.Харин эр нөхрөө өөрчлөх гэж дайрдаг “засдаг эм”-ийнхээ гарын талаар хүүхнүүд бид бодож үздэг болов уу. \эр хүнийг өөлсөөр хэн ч биш болгодог, эргээд өөрийг нь хүсэх эр хүслийг нь ч устгадаг эмэгтэй шинж чанарыг шууд утгаар нь “засдаг эм” гэж сэтгэл зүйд нэрлэдэг\.Даашинз аа гэж...Сэтгэлийн л тухай яриа юм даа.Бас нэг танил маань бий. Түүний бүх гутал хувцас нь ангаймаар үнэтэй... аймаар тухгүй. Явахад биш, хөлөө гоё тавиад суухад таарсан туфли... өмсөхөд биш, харуулахад зориулагдсан даашинзууд нь амьсгал боомоор... ганган. Эрчүүд нь яг л гялгар сэтгүүлийн хавтсан дээрээс буугаад ирсэн мэт цэмцгэр, гэвч тухгүй: нэг бол зугаацаад алга болчихно, нэг бол сээтэгнээд баригдчихна. Тэдэнтэй амьдрах аргагүй ч солиотой селфинүүдтэй дурсамжийн цомогтой болно.Ганц даашинз авах гэж хөлийн улаа эргэтэл явж, насныхаа тоог дуустал өмсч үздэг ч, хамгийн мууг нь яг олоод сонгочихдог нэг мэргэн танил минь байна. Эрчүүдийг сонжиж, шинжиж, шилж голж... гэвч нэг л өдөр доожоогүй хархүүг харуулна. “Та нар сэтгэлийг нь мэдэхгүй ээ, тэр сайн хүн”... Тэр сайн хүн нь ажил хийх дургүй, ажил хийх дуртай бол бас дагаварт нь архи, хүүхэн, аар саархан юмст дурламтгай болж таардаг.Харин нэг танил маань юу авахаа маш сайн мэддэг. Хэрэв тэр даашинз авах гэж байгаа бол хослуулах туфли, цүнх, ээмэг бөгж нь мэдээж байхаар барахгүй, өмсч очих арга хэмжээ, уулзах хүн нь ч тодорхой байгаа гэсэн үг. Хэрэв түүнд ямар нэг даашинз бүр ухаан алдмаар таалагдсан ч тэр хэзээ ч ухаанаа алдахгүй: зохицуулж өмсөх дотуур хувцас, цүнх гутлаа барьж ирээд хамт үзэж, хазаж, зажилж байж сая авна. Хувцасны шүүгээ нь дээд моодны үзэсгэлэн, гэр нь интерьерийн гялгар сэтгүүлийн загвар. Нөхөр нь өсч яваа карьерист, хэдэн жилийн дараа хаана очих нь тодорхой, хүүхдүүдийн ирээдүйн сургууль, гэр эдлэн жин тан.Хамгийн сондгой хувцасладаг “солиотой” танил бүсгүй маань майк авахаар гараад шал хүрсэн улаан даашинз, тод ногоон өдөн хүрэм авч ч магад, эднийгээ ингээд хамтад нь өмсч ч чадна. Гэхдээ л түүний өмссөн бүх юм гайхмаар сайхан харагддаг. Нөхөр нь хөгжилтэй буржгар \эсвэл сэгсгэр\ залуу, хүүхдүүд нь дэггүй, гэр нь хөглөрсөн, гэвч бүгдээрээ цэвэрхэн.Тэр үргэлж завгүй, гэвч бүх юманд амждаг...Даашинз бол явж явж сэтгэлийн л онош байх юм даа.Бидний дотор нэгэн зэрэг оршигч эсрэг тэсрэг эдгээр дүрүүдийн дундаас “Би яг юуг хүсээд байдаг хүн бэ” гэдгээ олж харна гэдэг чинь л жинхэнэ онош юм уу даа.ОЧИРЫН БОРОО®, 22 пазл лекц©

  1. Нэгэн эр хүн

    Нэгэн эр хүн

    Би өнөөдөр нэг эр хүнтэй танилцсан юм.Гайхмаар гүн харцтай, сэтгэл татам дуутай, зөөлөн гартай энэ залуу 15 настай. Халтирахад нь би гарнаас нь барьж түшсэнээр анхны үгсээ солилцоод, тун удалгүй адилхан сонирхолтойгоо олж мэдээд бараг нэг цаг ярилцаж суусан юм. Гэнэт түүний утас дуугарсан. Утсаа аваад, байна уу гэж хэлж амжаагүй байтал нь, “Хүүе, чи муу п..., хаагуур яваад байгаа муу ... вэ, ..... ....” гэх яхир дуу хадаад явчихсан. Хүү намуухнаар “Би одоо очиж байнаа” гээд нүүрээ нуун тонгойн суухад нь би санааг нь зовоохгүй гээд нэг их чухал царайлан утсаа оролдож байлаа. Өнөөх муухай дуу шилэн дээгүүр төмрөөр зурах мэт гол ураад л байсан, хүү чимээгүй л сонсоод байсан, тэгээд дуугай болонгуут нь “За эмээ, одоохоон” гээд байж боломгүй тайван хэлчихээд над руу эргэн инээмсэглээд, “Эмээ минь дуудаж байна аа” гэж билээ. ЭМЭЭ.Хүүгээс салаад явж байтал гэнэт харимааргүй санагдаад, ойрхон модон дунд очиж хэсэг суув. Хоёр бодол зүрхийг минь сүвлээд, ухаарлын хос мөр гэрэл татуулан байх шиг үзэгдээд байлаа.15-хан настай, орь залуу. Ийм харилцаанд ингэж хариулдаг болоход олон учир шалтгаан байгаа л байх. Хэрэв над руу хэн нэгэн, бүр миний буруутай үед ч, би тэр хүнээс бүрэн хамааралд байгаа үед ч гэсэн, ингэж хандсан бол надаас ийм намуун дуу гарах байсан уу? Энэ бол зүгээр нэг шүд зуун тэссэн, цөхрөнгөө барсан тэвчээрийн дуу байгаагүй. Зүгээр л бүхнийг алган дээрээ мэт тольдон байгаа хүний, яруу тод, аядуу бодь дуу хоолой байсан. Тэр хүүгийн зүрхний мухраас ийм дуу гарах ямар шалтгаан байна вэ?Гэтэл би өдөр бүр “Сэтгэлтэн бүрийн аз жаргалын төлөө байна” гэж ам авдаг сэтгэл маань таних танихгүй хүмүүсийг уучлан өршөөх хангалттай шалтгаан болохгүй байна уу?... гэх зэргээр эрэгцүүлэн суухад бидний дундын танил олон хүнд, янз бүрийн хүнд тэр хүү яг адилхан хандаж байсныг эргэн санав. Хүндэтгэлтэйгээр. Тэр хүн ямар вэ гэдгээс үл хамаараад, үнэн ямар вэ гэдгээс шалтгаалахгүйгээр, ерөөсөө л ямар нэг нөхцөл шалтгаангүйгээр зүгээр л бүгдийг нь нэн хүндэтгэн ярьж байсан нь, ялангуяа “Аав минь...” гээд дэндүү дотноор хэлж байсан нь тодорхой харагдаад явчихсан. “Аав минь хамт байдаггүй...гэхдээ миний аав... аав бид хоёр... аав маань надад өгсөн... аав минь...” гэж маш олон хэлжээ, эргээд бодсон чинь. Аавынхаа өвөр дээр, аавынхаа энгэрт, аавынхаа гарыг атган яваа олон зүрх гэтэл яагаад ингэж халуунаар, ийм хайраар хэлж чаддаггүй юм бол?“Аав гэдэг бол ерөөсөө тэр хүн өөрөө биш байдаг” гэсэн сэтгэлзүйн үзэл санааг энэ хүү ийнхүү батлах мэт. Аав бол аав гэх хүнд хандах өөрсдийн маань л хандлага, өөртөө бүтээсэн төсөөлөл маань л юм гэдгийг инчдэх зуурханд орой руу минь оруулах мэт. ОЧИРЫН БОРОО®-г минь эр эхлэлээ дээдэлсэн эрчим хүчээрээ адисалсан мэт ээ.Зөвхөн эмэгтэйчүүдэд цомог©

  2. Үгийн хязгаар давсан аниргүй

    Үгийн хязгаар давсан аниргүй

    Өвдөлт намдаж, оюун ухаан зүүд нойргүй, нэр дүрсгүй оршихуйд шилжихэд хоол тэжээлийн хэрэгцээ хамгийн доод цэгт унан, хүрээлэн буй орчлон харанхуйд бараг живэн алга болдог тийм үед өвчтөн хүрч очдог. Энэ бол төрөл төрөгсөд эмнэлгийн хонгилоор хүлээлтэндээ байж ядан холхиж, ямар ч үр ашиггүй жижүүрлэлтээ орхин одох уу, эсвэл нөгөө хүний дэргэд үхэн үхтэл нь үлдэх үү гэдгээ шийдэж цөхөн эрэгцдэг үе.Энэ бол үг илүүддэг ч, тусламж эрсэн үггүй хашгираан дотныхүмүүсийн цээжийг уран самарддаг тэр л үе.Хамгийн сайн санаагаар хийсэн эмчилгээний оролцоо болгон харгислал мэт болдог ч эцсийн салах ёс хийх хором арай л бас ирчихээгүй байгаа үе. Үлдэгсдийн хувьд энэ бол хамгийн хэцүү цаг мөч. Эсвэл энэ бүх юм бушуухан шиг дуусч, нэг тийш шийдэгдээсэй гэх ад хүсэл, эсвэл юу юугүй гараас мултран эргэн хэзээ ч ирэхгүй зүйлтэй үхэн хатан зууралдах бяцхан зулын сүүмэлзээн.Энэ бол нэгэн мах цусны тасархайнууд, хамгийн дотнозүрхнүүдийн эцсийн удаа хамтдаа амьсгалж буй агаар, халуунаа алдаагүй байгаа биесийн хамгийн сүүлчийн шүргэлцээн. Үхэж буй хүний хажууд байж чадахаар хангалттай хүчтэй, сэтгэлдээ хангалттай хаттай хүн үгнээс давсан аниргүйд хамтдаа суухдаа энэ хормуудад ямар ч айдас, ямар ч зовиур байдаггүй, гагцхүү бие махбодын үйл ажиллагаа тайвнаар,алгуурхнаар зогсонзогсохыг мэдэрнэ.Үхэж буй хүний дэргэд байсан бүхэн аварга том хүнэнертөнцөд амьд хүн бүр давтагдашгүй байдгийг ойлгоно.Өөрийнхөө мөнх бус болохыг ухаарна. Амьдралын зам хэчнээн өргөн, хэчнээн урт байвч заавал төгсдөг болохыг ойлгоно. Бидний ихэнх оноогдсон долоон аравтаа гүйцээж чаддаггүй ч энэ ахархан хугацаандаа хүн төрөлхтөний түүхийн гайхамшигт уран зурагт өөрөөрөө амьд шигтгээг урладаг билээ.Бяцхан горхи хөөсрөн цахарнаБилгүүн далай цэлийн хөхөрнөӨчүүхэн үнэн хурц үгсээр оч үсчүүлнэАугаа үнэн аугаа нам гүмийг агуулнаҮхэл үгүй ном, Уй гашууг даван туулахуй цомог©

    0:000:00