goodali logo
    Нэгэн гэрлэлтийн түүх

    Нэгэн гэрлэлтийн түүх

    Удаан өвдсөн хадам ээжийг өөд болсны дараа хадам аавыг бид гэртээ авчирлаа. Аймаар том, сэгсийсэн муухай нохойг нь ч бас, “гай болоход”. Хамаг юм сэглээд, хүүхэд шоглоод, гаргахдаа хүртэл хоёулаа л явахгүй бол хүчрэхгүй “тэр мал”-ыг эмнэлэгт аваачлаа, кинологт үзүүллээ, төлбөртэй сургагчид өглөө, “Унтуул даа” л гэцгээлээ. Энэ явбал би ч явна гэлээ, хадам. Өвөөгийн хүүхдүүд зунжин урт ханцуйтай цамц, жийнсэн доор сорвио нуусан даа. Харин өнөөх намар бүүр “галзуураад” үсээ зулгааж, ульж эхэлсэн. Хотын эмнэлгүүдийг гүйцээв, хаа ч авсангүй. Арайхийж нэг мастерын дугаар олов, жижигхэн биетэй залуухан эмэгтэй ирэв. Мөнгө хамаагүй, наркозоор ч болов үс ноосноос нь салгаад өгөөч гэлээ. Дотроо бол наркозноосоо битгий сэрээсэй гэж бодсоон бодсон. Орой ир гэсэн цагт нь очлоо. Цоо шинэ дэслэгч шиг цэмцгэр нохой ширээн дээр зогсч байхыг хараад өнөөхөө таньсангүй л.

    -За би танд хумс авах, шүдийг нь яаж цэвэрлэхийг заагаад өгье гэж байна. Юун шүд вэ, наад араатан чинь... гээд бүх учрыг хэллээ.

    -Та түүний арьсанд ороод нэг үзээрэй. Эзэгтэй нь байхгүй болсон гэдгийг та бол мэдэж байгаа, харин энэ амьтан мэдэхгүй байна. Түүнийхээр бол та эзнийг нь эзгүйд гэрээс нь хулгайлаад хүчээр хориод байна шүү дээ. Тэгээд зугтаж чадахгүйм чинь та нараар хөөлгөх бүх л юмыг хийж байгаа нь энэ. Та нохойтойгоо эр хүний ёсоор нэг ярилцаадхаач гэж жаал бүсгүй хэллээ.

    Би нохойгоо аваад шууд хадмын хуучин байр луу явлаа. Оруулаад хэллээ, тэр сонслоо, гэвч итгэсэнгүй, ахиад л зууж хазаад эхлэв. Оршуулгын газар луу явлаа. Харууллаа, итгэсэнгүй, гэвч хайрч дайрсангүй. Тэгтэл бас газар эргэж яваа танил маань таарлаа. Бид хоёр суугаад өөд болоочдоо дурсч, тэдэндээ өргөл өгч, нохойдоо ахиад учирлалаа, эргээд хоорондоо ярилцлаа. Гэтэл гэнэт нохой минь ойлгосон! Сартайн байж удаан улиад, хамраа савран доогуураа хийгээд шарилан дээр удаан хэвтсэн. Би ч яаруулсангүй, өөрөө босохоор нь машиндаа суугаад харилаа. Гэрийнхэндээ хэлж дуусаагүй байвал хүү минь машины түлхүүр аваад, нөгөө мастер бүсгүйн утсыг асуугаад гарах гэлээ.

    -Би тэрэнтэй л сууя.

    -Хараа ч гүй байж уу?

    -Хэрэв тэр нохойн нөхцөлд орж чадаж байгаа юм бол минийхийг  ойлгохгүй гэж үү?

    За, товчдоо тэд хэдэн сарын дараа гэрлэсэн. Харин дэндүү номхон, дэндүү ухаант хөгшин нохойн маань хэдэн ёрдгор шүдийг 2 ач маань маш сайн цэвэрлэж байгаа...

    Ямар хүн бусдын арьсан дотор орж чаддаг вэ?

    Сэтгэл эрүүл хүн л тэгж чадна.

    Аан тэгвэл, ямар хүний сэтгэл эрүүл байдаг юм бэ?

    ГЭРЭЛТ СҮҮДЭР®, Дотносол лекц©

    Төстэй бичвэрүүд

    Даашинзны онош

    Даашинзны онош

    Хамт шоппинг хийхдээ хүний талаар олон зүйлийг олж мэдэж болдог. Даашинзаа хэр няхуур сонгож байна, амьдралынхаа чухал шийдэлд яг тэгж ханддаг. Нэг танил маань авсан бүх хувцсаа засдаг. Танаж, тайрч, тавьж, нэмж... эцэст нь хүнд өгөх юм нэгээр нэмэгдэнэ, гэвч авсаар байдаг. Нөхрөө англи хэлний дамжаанд явуулж, харилцааны сургалтанд бүртгүүлж, үсний засалтыг нь өөрчилж... ”Байгаагаар нь л байлгах байж” гэж тэр нэг ч удаа хэлээгүй. Ихэнх тохиолдолд засна гэдэг бол муутгана гэсэн үг байдгийг дизайнерын хувиар би бат хэлнэ. Хэрэв засаад авна гэдэг бодол төрж байгаа бол тэр хүнтэй анхнаасаа зам нийлэх хэрэггүй гэдгийг бол сэтгэл судлаачийн хувиар бүүр чиг бат хэлмээр байдаг. Даанч бидний дотор айхтар “засдаг эм” орших юм даа. Багын нэг найз маань 90-ээд оны зургаа харж байгаад “Ёооё, энэ нүдийг будсан дотор стилистийнхээ гарыг нь тастчих юмсан” гэж билээ.Харин эр нөхрөө өөрчлөх гэж дайрдаг “засдаг эм”-ийнхээ гарын талаар хүүхнүүд бид бодож үздэг болов уу. \эр хүнийг өөлсөөр хэн ч биш болгодог, эргээд өөрийг нь хүсэх эр хүслийг нь ч устгадаг эмэгтэй шинж чанарыг шууд утгаар нь “засдаг эм” гэж сэтгэл зүйд нэрлэдэг\.Даашинз аа гэж...Сэтгэлийн л тухай яриа юм даа.Бас нэг танил маань бий. Түүний бүх гутал хувцас нь ангаймаар үнэтэй... аймаар тухгүй. Явахад биш, хөлөө гоё тавиад суухад таарсан туфли... өмсөхөд биш, харуулахад зориулагдсан даашинзууд нь амьсгал боомоор... ганган. Эрчүүд нь яг л гялгар сэтгүүлийн хавтсан дээрээс буугаад ирсэн мэт цэмцгэр, гэвч тухгүй: нэг бол зугаацаад алга болчихно, нэг бол сээтэгнээд баригдчихна. Тэдэнтэй амьдрах аргагүй ч солиотой селфинүүдтэй дурсамжийн цомогтой болно.Ганц даашинз авах гэж хөлийн улаа эргэтэл явж, насныхаа тоог дуустал өмсч үздэг ч, хамгийн мууг нь яг олоод сонгочихдог нэг мэргэн танил минь байна. Эрчүүдийг сонжиж, шинжиж, шилж голж... гэвч нэг л өдөр доожоогүй хархүүг харуулна. “Та нар сэтгэлийг нь мэдэхгүй ээ, тэр сайн хүн”... Тэр сайн хүн нь ажил хийх дургүй, ажил хийх дуртай бол бас дагаварт нь архи, хүүхэн, аар саархан юмст дурламтгай болж таардаг.Харин нэг танил маань юу авахаа маш сайн мэддэг. Хэрэв тэр даашинз авах гэж байгаа бол хослуулах туфли, цүнх, ээмэг бөгж нь мэдээж байхаар барахгүй, өмсч очих арга хэмжээ, уулзах хүн нь ч тодорхой байгаа гэсэн үг. Хэрэв түүнд ямар нэг даашинз бүр ухаан алдмаар таалагдсан ч тэр хэзээ ч ухаанаа алдахгүй: зохицуулж өмсөх дотуур хувцас, цүнх гутлаа барьж ирээд хамт үзэж, хазаж, зажилж байж сая авна. Хувцасны шүүгээ нь дээд моодны үзэсгэлэн, гэр нь интерьерийн гялгар сэтгүүлийн загвар. Нөхөр нь өсч яваа карьерист, хэдэн жилийн дараа хаана очих нь тодорхой, хүүхдүүдийн ирээдүйн сургууль, гэр эдлэн жин тан.Хамгийн сондгой хувцасладаг “солиотой” танил бүсгүй маань майк авахаар гараад шал хүрсэн улаан даашинз, тод ногоон өдөн хүрэм авч ч магад, эднийгээ ингээд хамтад нь өмсч ч чадна. Гэхдээ л түүний өмссөн бүх юм гайхмаар сайхан харагддаг. Нөхөр нь хөгжилтэй буржгар \эсвэл сэгсгэр\ залуу, хүүхдүүд нь дэггүй, гэр нь хөглөрсөн, гэвч бүгдээрээ цэвэрхэн.Тэр үргэлж завгүй, гэвч бүх юманд амждаг...Даашинз бол явж явж сэтгэлийн л онош байх юм даа.Бидний дотор нэгэн зэрэг оршигч эсрэг тэсрэг эдгээр дүрүүдийн дундаас “Би яг юуг хүсээд байдаг хүн бэ” гэдгээ олж харна гэдэг чинь л жинхэнэ онош юм уу даа.ОЧИРЫН БОРОО®, 22 пазл лекц©

  1. Нэгэн эр хүн

    Нэгэн эр хүн

    Би өнөөдөр нэг эр хүнтэй танилцсан юм.Гайхмаар гүн харцтай, сэтгэл татам дуутай, зөөлөн гартай энэ залуу 15 настай. Халтирахад нь би гарнаас нь барьж түшсэнээр анхны үгсээ солилцоод, тун удалгүй адилхан сонирхолтойгоо олж мэдээд бараг нэг цаг ярилцаж суусан юм. Гэнэт түүний утас дуугарсан. Утсаа аваад, байна уу гэж хэлж амжаагүй байтал нь, “Хүүе, чи муу п..., хаагуур яваад байгаа муу ... вэ, ..... ....” гэх яхир дуу хадаад явчихсан. Хүү намуухнаар “Би одоо очиж байнаа” гээд нүүрээ нуун тонгойн суухад нь би санааг нь зовоохгүй гээд нэг их чухал царайлан утсаа оролдож байлаа. Өнөөх муухай дуу шилэн дээгүүр төмрөөр зурах мэт гол ураад л байсан, хүү чимээгүй л сонсоод байсан, тэгээд дуугай болонгуут нь “За эмээ, одоохоон” гээд байж боломгүй тайван хэлчихээд над руу эргэн инээмсэглээд, “Эмээ минь дуудаж байна аа” гэж билээ. ЭМЭЭ.Хүүгээс салаад явж байтал гэнэт харимааргүй санагдаад, ойрхон модон дунд очиж хэсэг суув. Хоёр бодол зүрхийг минь сүвлээд, ухаарлын хос мөр гэрэл татуулан байх шиг үзэгдээд байлаа.15-хан настай, орь залуу. Ийм харилцаанд ингэж хариулдаг болоход олон учир шалтгаан байгаа л байх. Хэрэв над руу хэн нэгэн, бүр миний буруутай үед ч, би тэр хүнээс бүрэн хамааралд байгаа үед ч гэсэн, ингэж хандсан бол надаас ийм намуун дуу гарах байсан уу? Энэ бол зүгээр нэг шүд зуун тэссэн, цөхрөнгөө барсан тэвчээрийн дуу байгаагүй. Зүгээр л бүхнийг алган дээрээ мэт тольдон байгаа хүний, яруу тод, аядуу бодь дуу хоолой байсан. Тэр хүүгийн зүрхний мухраас ийм дуу гарах ямар шалтгаан байна вэ?Гэтэл би өдөр бүр “Сэтгэлтэн бүрийн аз жаргалын төлөө байна” гэж ам авдаг сэтгэл маань таних танихгүй хүмүүсийг уучлан өршөөх хангалттай шалтгаан болохгүй байна уу?... гэх зэргээр эрэгцүүлэн суухад бидний дундын танил олон хүнд, янз бүрийн хүнд тэр хүү яг адилхан хандаж байсныг эргэн санав. Хүндэтгэлтэйгээр. Тэр хүн ямар вэ гэдгээс үл хамаараад, үнэн ямар вэ гэдгээс шалтгаалахгүйгээр, ерөөсөө л ямар нэг нөхцөл шалтгаангүйгээр зүгээр л бүгдийг нь нэн хүндэтгэн ярьж байсан нь, ялангуяа “Аав минь...” гээд дэндүү дотноор хэлж байсан нь тодорхой харагдаад явчихсан. “Аав минь хамт байдаггүй...гэхдээ миний аав... аав бид хоёр... аав маань надад өгсөн... аав минь...” гэж маш олон хэлжээ, эргээд бодсон чинь. Аавынхаа өвөр дээр, аавынхаа энгэрт, аавынхаа гарыг атган яваа олон зүрх гэтэл яагаад ингэж халуунаар, ийм хайраар хэлж чаддаггүй юм бол?“Аав гэдэг бол ерөөсөө тэр хүн өөрөө биш байдаг” гэсэн сэтгэлзүйн үзэл санааг энэ хүү ийнхүү батлах мэт. Аав бол аав гэх хүнд хандах өөрсдийн маань л хандлага, өөртөө бүтээсэн төсөөлөл маань л юм гэдгийг инчдэх зуурханд орой руу минь оруулах мэт. ОЧИРЫН БОРОО®-г минь эр эхлэлээ дээдэлсэн эрчим хүчээрээ адисалсан мэт ээ.Зөвхөн эмэгтэйчүүдэд цомог©

  2. Үгийн хязгаар давсан аниргүй

    Үгийн хязгаар давсан аниргүй

    Өвдөлт намдаж, оюун ухаан зүүд нойргүй, нэр дүрсгүй оршихуйд шилжихэд хоол тэжээлийн хэрэгцээ хамгийн доод цэгт унан, хүрээлэн буй орчлон харанхуйд бараг живэн алга болдог тийм үед өвчтөн хүрч очдог. Энэ бол төрөл төрөгсөд эмнэлгийн хонгилоор хүлээлтэндээ байж ядан холхиж, ямар ч үр ашиггүй жижүүрлэлтээ орхин одох уу, эсвэл нөгөө хүний дэргэд үхэн үхтэл нь үлдэх үү гэдгээ шийдэж цөхөн эрэгцдэг үе.Энэ бол үг илүүддэг ч, тусламж эрсэн үггүй хашгираан дотныхүмүүсийн цээжийг уран самарддаг тэр л үе.Хамгийн сайн санаагаар хийсэн эмчилгээний оролцоо болгон харгислал мэт болдог ч эцсийн салах ёс хийх хором арай л бас ирчихээгүй байгаа үе. Үлдэгсдийн хувьд энэ бол хамгийн хэцүү цаг мөч. Эсвэл энэ бүх юм бушуухан шиг дуусч, нэг тийш шийдэгдээсэй гэх ад хүсэл, эсвэл юу юугүй гараас мултран эргэн хэзээ ч ирэхгүй зүйлтэй үхэн хатан зууралдах бяцхан зулын сүүмэлзээн.Энэ бол нэгэн мах цусны тасархайнууд, хамгийн дотнозүрхнүүдийн эцсийн удаа хамтдаа амьсгалж буй агаар, халуунаа алдаагүй байгаа биесийн хамгийн сүүлчийн шүргэлцээн. Үхэж буй хүний хажууд байж чадахаар хангалттай хүчтэй, сэтгэлдээ хангалттай хаттай хүн үгнээс давсан аниргүйд хамтдаа суухдаа энэ хормуудад ямар ч айдас, ямар ч зовиур байдаггүй, гагцхүү бие махбодын үйл ажиллагаа тайвнаар,алгуурхнаар зогсонзогсохыг мэдэрнэ.Үхэж буй хүний дэргэд байсан бүхэн аварга том хүнэнертөнцөд амьд хүн бүр давтагдашгүй байдгийг ойлгоно.Өөрийнхөө мөнх бус болохыг ухаарна. Амьдралын зам хэчнээн өргөн, хэчнээн урт байвч заавал төгсдөг болохыг ойлгоно. Бидний ихэнх оноогдсон долоон аравтаа гүйцээж чаддаггүй ч энэ ахархан хугацаандаа хүн төрөлхтөний түүхийн гайхамшигт уран зурагт өөрөөрөө амьд шигтгээг урладаг билээ.Бяцхан горхи хөөсрөн цахарнаБилгүүн далай цэлийн хөхөрнөӨчүүхэн үнэн хурц үгсээр оч үсчүүлнэАугаа үнэн аугаа нам гүмийг агуулнаҮхэл үгүй ном, Уй гашууг даван туулахуй цомог©

    0:000:00