goodali logo
    Хэрэгтэй хүүхэд

    Хэрэгтэй хүүхэд

    Цэмцгэр, егзөр Германы төмөр замуудаар 2007 оноос нэгэн хачин галт тэрэг явж эхэлсэн юм. Бараг 70 хотод айлчилсан энэ цуваа хоёрхон вагонтой. Машинист нь зуун жилийн өмнөх хувцастай. Энэ бол дэлхийн 2-р дайны үед “хэрэггүй хүүхдүүд”-ийг Освенцим руу зөөдөг байсан галт тэрэг. 2024 оны 5 сард Мюнхенд ирэхэд нь зориуд зорин очсон сэтгүүлч эмэгтэйн тэмдэглэлээс сөхье.
    “Нэгэн цахим сонин дээр “Мюнхений төмөр замын буудлын 35-р тавцан дээр Германы өнгөрсөн цаг зогсож байна” гэсэн богино мэдээ нийтлэгдсэнийг би санамсаргүй олж үзсэн юм. Өнгөө алдсан ногоон саарал вагоны ханан дээрх хүүхдүүдийн гэрэл зургийн хамт. Мюнхений тансаг буудал дээр 35-р тавцан нь хамгийн сүүлийнх байх л даа, гэвч би маш амархан олчихсон. Гариг хоорондын хөлөг гэмээр давхар гялгар галт тэргүүдийн сансарлиг өндөрлөгийн ард...
    яндангаасаа утаа савсуулсан намхан, богинохон, хоёрхон хайрцаг руу хүмүүс цувж байсан.

    Энэ галт тэргийг германчууд өөрсдөө, бүр тодруулбал германы залуучууд санаачлан хэрэгжүүлсэн юм. “Хэрэв санаж байхгүй бол ахиад гарз гарна” гэж тэд уриалгандаа бичсэн байсан. Харин энд нэг ирсэн хүн ахиж хэзээ ч мартахгүй. Сагсан доторх хувцас, жаахан охины даашинз, тоглоом, хүүхэлдэй. Дөнгөж 14-хөн настай Сельма охины хайртай хүүдээ зориулсан шүлгийн мөрүүд. “Би зүгээр л амьд байхыг хүсэж байна, инээж, уурлаж, үзэн ядаж бас эвлэрч, зүгээр л амьсгалж, эрх чөлөөтэй байхыг л хүсэж байна. Би тэнгэрийг тэврэхийг, тэгээд чамайг үнэрлэхийг хүсч байна...”... гэх үгсийг уншаад л би асгарчихсан. Гэтэл бид ямар ихийг хүснэ вэ? Миний мэдрэх, сэтгэх, тэр тэнгэрийг тэврэх, үнэрлэх эрх чөлөө хаа байнаа? Миний дотор охин энэ олон жил “хэрэггүй хүүхэд” байсан байна! Хүн төрөлхтөн нацистуудыг харгис гэдэг, хүүхдүүдийг хорьсон, тамласан, алсан гэдэг. Тэднийг юу ч зөвтгөхгүй, гэвч бид өөрсдөө дотор хүүхдүүдээ яаж байлгадаг вэ? Хаана байлгадаг вэ? Хорт хийн өрөөний хананууд амь нь тэмцсэн хүүхдүүдийн самардсан гарын ормоор дүүрэн байдаг. Тэгвэл бидний сэтгэлийн ханан дээр бачуурч, бөглөрч, тэндээ тэсэрч дэлбэрсэн нэгэн хүүхдийн үлдээсэн тэмдэг байхгүй гэж үү? Хүмүүс минь, яг одоо зогсоод, толинд хар. Нүдээ хар. Энэ хүүхдийг сонс. Тэр зүгээр л амьд байхыг, амьсгалахыг, огторгуйг тэврэхийг хүсдэг. Гэтэл би... би түүнийг зөвхөн зөв байхыг, томоотой, дуулгавартай, хэрэгтэй хүүхэд байхыг шаарддаг байж. Би өнгөрсөн цагийн хүүхдүүдийн өмнө хүндэтгэл үзүүлэхийн тулд, өнөө цагийн хүүхдүүдийн төлөө үнэн байхын тулд, өөрийнхөө энэ хүүхдийг чөлөөлье, “хэрэггүй хүүхэд” гэсэн ялаас! Өөрийн гараар өлгөсөн энэ муухай пайзыг хүзүүнээс нь тас татаад өвөр дээрээ авъя, хамгаас үнэтэй хүүхдээ!”.
    Хэрэв санаж байхгүй бол ахиад гарз гарна. Бидэнд учирсан хохирол бүрийн цаана “хэрэггүй хүүхэд”-ийн зовлон байдаг.
    Хүүхдээ л чөлөөлье.
    Мэдээж халамжит Эх л ингэж шийднэ. Тэгээд Том хүн маань энэ даалгаврыг биелүүлнэ. Хэрэв хүсэл байвал биелэгдэшгүй даалгавар гэж үгүй ээ.

    Гэрэлт сүүдэр

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00