goodali logo
    ЭР ХҮН, НӨХӨР, ААВ…  БАЯН ЭМЭГТЭЙ

    ЭР ХҮН, НӨХӨР, ААВ… БАЯН ЭМЭГТЭЙ

    Та азтай гэрлэсэн үү?

    Миний гэрлэлт азтай. Аз гэхээр л бэлэг, шагнал, хожил гэж ойлгох вий. Амьдралд тийм юм байхгүй. Өмнө нь хийсэн үйлээрээ, төлбөрөө төлсөн юмаа л авна. Тэгэхээр миний буяны үр гэе. Гэхдээ буянууд бурзайгаад дангаараа байгаагүй.

    Тэгэхдээ та салсан. 

    Чи миний “Охид хөвгүүдийн ондоо хүмүүжил” лекцийг мэднэ. Тэнд би ярьдаг даа. Ер нь би өөрийн түүхээ л ярьдаг. Дан онол яривал лекцийн хэрэг юу байна. Одоо цагт гүүглдээд л бүх мэдээлэл байгаа. Тэгээд хүний түүхийг ярьж болохгүй. Надад зөвшөөрсөн хүмүүсийн түүхээс бол дурьддаг. Тэгэхдээ би жишээнд авах түүхүүдээ заавал өөрчилдөг. Эргээд эзэн нь өөрөө харсан ч бараг танихааргүйгээр нас, хүйс, цаг хугацаа, болсон газар, үйл явдлыг өөр болгодог. Тэгвэл зохиочихооч гэж болохгүй л дээ. Сэтгэл зүйн түүхийг зохиож болдоггүй. Ер нь утга зохиолд ч гэсэн зохиомол зүйл байдаггүй гэж би боддог.

    Тэгээд би тэр лекцэндээ ингэж хэлдэг. “Бид юуг хүсдэг вэ? Хүүхдээ, нөхрөө яг ямар байлгах гээд байгаа юм бэ? Дуулгавартай мөртлөө санаачилгатай, томоотой мөртлөө хоншоортой, гарын доор харцны аясаар мөртлөө шазруун, үргэлж гэртээ байдаг мөртлөө карьертай, аашгүй мөртлөө амбицтайг” гэж. Бурхан шиг хүнийг, хүн шиг Бурханыг хүсдэг. Чамаас өөр хэнийг ч мэдэхгүй мөртлөө галзуу туршлагатай Казановаг хүсдэг.

    Би ч бас адилхан. Хуурай усыг, халуун мөсийг хүсдэг байсан. Би гэрээс гарна гэдгээ мэддэг байсан мөртлөө гэр бүл зохиосон хүн юм байгаам. Хэзээ нэгэн цагт нөхөргүй амьдралыг сонгоно гэдгээ мэддэг, тийшээ л явж байгаа мөртлөө нөхөрт гарч, үүнээс үүдэн гарах бүх үр дүнг бүтээсэн хүн. Салалтын санаачилга, шалтгаан бол зөвхөн би, миний оюун санааны үнэт зүйлстэй л хамаатай.

    Хүний үнэт зүйлс гэдэг чинь хурууны хээ шиг л давтагдашгүй байх юм даа. Хэрэв тэнд хамгийн эхэнд “Гэр бүл” байсан бол бид хамт л байх байсан.

     

    Гэхдээ салалт амар байгаагүй байх, тийм үү?

    Ямар ч салалт амаргүй. Би гурван жил бэлдсэн. Эр хүнгүй, нөхөргүй, өрхийн тэргүүнгүй амьдралд. Тэрнээс биш салалт хүүхдийг аавгүй болгоно гэж байхгүй. Мэдээж үргэлж хамт байхаас өөр амьдрал боловч аавгүй амьдрал биш юм.

    Нэгэнт энэ сэдэв гарч ирсэн учраас хэлэхэд, хүүхдээ эцэггүй болгохоос айсандаа эвгүй нөхрөөс салахгүй байгаа нь хүүхдийг харин ч гэр бүлээс нь салгаж байгаа хэрэг. Эвтэй, чин сэтгэлээсээ бие биеэ гэсэн, харих дуртай, очих дуртай аз жаргалын өлгий болох гэр бүлгүй болгож байгаа хэрэг.

    Бүтэн гэр бүл гэх нэрийн төлөө хамт үлдэж байгаа эцэг эхчүүд хичээсэн хичээгээгүй хүүхдүүдийнхээ сэтгэцийг эрэмдэглэж байдаг. Хүүхдийг хэн ч хуурч чадахгүй. Тэгээд ч ер нь хүүхдийг хэн ч эцгээс нь салгаж чадахгүй. Зөвхөн эцэг хүн өөрөө л хүүхдээ эцэггүй болгож чадна.

    Харин нөгөө талаас эвгүй нөхрөөс салаад ч гэсэн гэр бүл нь хүүхдийн хувьд аз жаргалын үүр болохгүй л байгаа бол асуудал хаа байгааг хайх, олох л хэрэгтэй. Анх яагаад гэрлэж байснаа ч бас. Би яагаад заавал яг энэ хүнтэй л амьдарна гэж шийдсэнээ мэддэг. Дурлаад сохроод байсан юм байхгүй. Бид хурим хийх хүртлээ 5 жил хамт амьдрахдаа хэн хэнийгээ сум юмтай нь маш сайн мэддэг болсон байсан.

    Нөхрийн маань өссөн гэрт хэзээ ч хэрүүл маргаан болдоггүй байж билээ. Бүр чанга дуугаар ч ярихгүй, юм шидэх, хаалга савах, түс тас пис пас огт байхгүй. 16 жил доод тал нь 10 айлын хажуу өрөөнд амьдрахдаа, хамаатнуудаар айлчилж, найзуудынд хонож, оюутны байр, нийтийн байруудаар нүүдэллэж явахдаа би ийм айлыг харж байгаагүй. Санаа зовинол, түгшүүр, нэгнийгээ даапаалах, тамшаалах, эвгүй байдалд оруулах зэрэг сэтгэл зүйн тоглолтууд байхгүй.

    Нөхрийгөө бодохоор л хүүгээ ингэж хүмүүжүүлсэн ээжид нь мөргөмөөр байдаг. Надад анхны минь Бодь мөрийн зэрэг номыг өгч байсан дээдийн ачтай хүн. Миний хүүхдүүдийн эмээ, тэдний цусны 25% нь. Энэ бол тэр хүнийг бурханы хэмжээнд шүтэхэд хангалттай шалтгаан.

    Хадам гэснээс “Шулмын хүүтэй суух гж буй охидод” гэсэн нэртэй таны бичлэгийг бараг 2 сая гаруй хүн үзсэн байдаг.

    Одоо би нарийн санахгүй байна. Нэг газар дугаарлаж байх үед хажууд байсан хоёр охины яриа чих дэлссэнээс үүдсэн бичлэг. Найз залуугийндаа хоноод босоход нь залуугийн ээж “ажилгүй охин” гэснээс болж хадам болох хүнээ “шулам” гэхийг сонсоод, гэрлэх гэж буй охидын сүйт залуугийнхаа ээжид хандах хандлагын талаар бодсон зүйлсээ ярьсан нь энэ юм.

    “Хүний яриа чагнаад, муухай юм...” гэж л байсан. Сонсголтой л байгаа юм чинь хүссэн хүсээгүй сонсоно. “Өө, дэмий юм сонсохгүй ээ” гээд дотор чихний хүлээн авагчийг хаачихдаг өндөр дэст хүрээгүй ээ, хэхэ.

    “Тэр дор нь тэр хоёрт тэгээд хэлэхгүй яасын” гэсэн бас. Би тэр хоёрт хэлэх хэн нь юм бэ? Харин би өөрийнхөө хуудсан дээр, намайг сонсдог хүмүүст зориулж ярьсан. “Тэр авгай айлын охиныг ажилгүй гээд байхдаа яадаг юм бэ” гэлцсэн.

    Миний ярианы сэдэв бол тэр хүний зөв буруугийн тухай биш. Харин бэрийн хандлагын тухайд л байсан. Чи хадам ээжийгээ шулам гэж байгаа бол шулмын хүүтэй сууж байгаа биз дээ. Чиний хүүхдүүд шулмын ач болно. Шулмын цус гүйж байгаа юм чинь гээд цааш нь ухаад бодвол хэн болох нь эвгүй. Хүүхдүүд лав шулмын овгийг авч шулмын ургийн бичигт орох нь тодорхой.

    Тэгэхээр эсвэл шулмын хүүтэй суухгүй байх. Хэрэв суух болбол тэр хүнийг үзэн ядахгүй, хараахгүй, мууг нь үзэхийг тэгтлээ хүсэхгүй байвал өөрт нь ч, хүүхдэд нь ч хэрэгтэй байх талаар ярьсан.

    Гэтэл бид ярианы гол утгыг барьж чаддаггүй. Аавыгаа ойлгох уучлах, эвлэрэх гээд ярихаар “Аав буруутай бол? Тэр хүн надад түмэн тамыг эдлүүлсэн бол? Би тэр хүнтэй эвлэрэх нь бүү хэл харахыг ч хүсэхгүй байгаа бол?” гээд зөрөөд байдаг.

    Би муу аавыг зөвтгөх гээгүй.

    Харин аавтайгаа дотооддоо ойлголцож, “ААВ” гэх үед төрдөг тэр мэдрэмжээ өөртөө ээлтэй болгоогүй цагтаа амжилт, баялаг, хөгжил дэвшлийг хэзээ ч олж чадахгүй учраас л энэ өршөөл өөрсдөд маань хэрэгтэй байгаа юм шүү дээ.

    Заяаны хань гэж байдаг уу?

    Дээд зэргийн зохиролтой байж болох магадлал бол байгаа. Урьдын ерөөл байгаа. Бас хараал ч байгаа. Чамайг би ягт нь юулгаж, ясыг чинь цайтал тамлана даа гээд маш хүчтэй сэтгэл хөдлөлөөр занаж тангарагласан бол биелнэ. Яаж биелдгийг бид харж л байгаа байх.

    Сэтгэл зүйн үүднээс гэх юм бол бид ямар ч хүнтэй онолын хувьд сайхан амьдарч чадна. Гэрлэлт бол хувийн сахилга батын асуудал болохоос дур хүслийн сэдэв биш юм шүү дээ. Тачаал хэрхэн энхрийлэл болдог, шүтэн бишрэл хүндэтгэл болдог, итгэл үнэнч байдал болдог, харилцан ойлголцол нь нэгэн цул болдог, бүр цаашлаад туйлын нарийн нандин хувирал, урвал, хувьслууд болдгийг урт удаан гэр бүлийнхэн л мэднэ.

    Байнга дурлал шохоорхлуудаар амьдарч, үргэлж хүүхэд шиг дэгж дэрвэх нэгэн зам байхад ханийн ёсоор насанд хүрч, жинхэнэ том болох өөр нэгэн зам бас байна. Энэ нь нөгөө хүний хэн бэ гэдгээс биш харин бидний дотоодын хүмүүжил, дотоодын сахилга батаас их шалтгаалдаг. Энэхүү сахилга бат яван явсаар гэр бүлийг давсан өндөр хэмжээнд хүрэх үед нөхөргүй амьдарч чаддаг болно.

    “Эр хүнгүй амьдарч болно” гэж таныг хэлэхэд олон хүн дургүйцэж байсныг санаж байна.

    Хүн бүрийн дотор анимус гэдэг эр хүч, анима гэдэг эм хүч, эрэгтэй эмэгтэй эхлэл ч гэж нэрлэдэг, эрэгчин эмэгчин чанар байгаа. Энэ нь эмэгтэй хүн эршүүд, эрэлхэг байх, эр нь эмэгтэйлэг байхтай огт хамаагүй ойлголт шүү. Дайтах, тэмцэх, эзлэх, эзэгнэх, бүтээх, өөрчлөн байгуулах бол эр шинж. Бид бизнес хийж, зах зээлээ тэлж, цалинжуулж, өрсөлдөгч нартайгаа тулж, өөрийгөө хамгаалж, тэтгэн тэжээж байхдаа эр хүчээр хөдөлж байдаг.

    Харин байгааг үржүүлэх, хуримтлуулах, төрүүлэх, болгож боловсруулах, арчлах, асрах, амилуулахдаа эм чанараар цэнэглэгдэж байдаг. Сонгож байвал эмэгтэй, сонгогдож байвал эрэгтэй шинж. Гэхдээ энэ нь дандаа далд хэлбэрээр явагддаг. Хэрэв анимус хүчтэй бол гаднаас хайх хэрэггүй.

    Гэвч энэ нь эр хүн огт хэрэггүй гэсэн үг биш. Харин оюун ухаант хүн өөрийн ухамсарт сонголтоор эр хүнгүй, эсвэл эм хүнгүй амьдрах бүрэн боломжтойн тухай л яриа. Бүх зүйлд сайн муу тал заавал байх нь тодорхой шүү дээ. Ямар нэг юмтай байвал яах вэ, байхгүй бол яах вэ гэдгийн сул, давуу талуудыг цэгнэж байгаад л туйлын зорилгынхоо нүдээр сонголтоо хийнэ.

    Төгс сонголт гэж байхгүй.

    Эрүүл харилцаа бол хувийн хил хязгаарыг зөрчихгүй гэсэн гол зарчимтай. Гэтэл та ийм зөрчилгүйгээр “Дотносол боломжгүй” гээд байдаг.

    Хайрын харилцаанд хувийн хил хязгаарыг зөрчихгүй байх аргагүй. Нөгөө талыг дурлуулах, өөрийнхөө хайранд итгүүлэх, хамт байх шийдэлд хамтдаа хүрэх бол үргэлж ойлголцол дээр явагдахгүй л дээ.

    - Би чамд хайртай.

    - Аан, би хайргүй.

    - Өө за, уучлаарай.

    - Битгий ирээрэй.

    - За.

    - Ахиж бүү нүдэнд үзэгд.

    - Ойлголоо гээд л дуусчихдаг байсан бол бид ер нь байгаа болов уу. Бид бүгдээрээ хувийн хил хязгаарыг зөрчсөний үр дүн шүү дээ. Бэлгийн харилцаа, хүүхэд олох, төрөх, хөхөөр тэжээх, хүүхдийнхээ төлөө амьдрахын хаана хувийн хил хязгаар байгаа юм бэ? Харин энэ эргүүлэг дунд өөрт зориулах цаг, санхүү, орон зай байх ёстой, гэр бүл дотроо амьдрахдаа ч өөрийгөө бүр эцсийн дуслыг хүртэл шавхахгүй байх, ингэхийг бусдаас шаардахгүй байх, хүн өөрийнхөө боломж, хүсэл, мэдрэмжийг харгалзан шийдэж байх эрх чөлөөг бие биедээ өгч байх нь эрүүл харилцаа юм.

    Дотно харилцаа бол дундын хил байнга зөрчигдөж, дахин тогтоогдож, өөрчлөгдөж, тодруулга явагдаж, ахин дахин хэлэлцэн тохиролцож байдаг орон зай. Гэр бүл доторх хямрал, бүр салалт хүртэл харилцаа дуусгавар болж байгаа хэрэг биш. Харин шинээр тэр хилийг л тогтоож байгаа хэрэг шүү дээ. Ялангуяа хүүхэдтэй салж байгаа хүмүүс үүнийг маш сайн мэднэ.

    Дотно биш харилцаанд ч гэсэн, хүн өөрийн гэсэн бодолтой байдаг. “Өөрийн бодол өөртөө зөв байдаг” гэдгийг л бид хатуу санаж байх ёстой. Бусдад өөрийн зөвийг тулгах эрх хэнд ч байхгүй. Хэрэв тэр хүн өөрөө л танаас тайлбар хүсээгүй бол. Чамайг асууж байгаа учраас би хариулж байгаа. Энэ яриаг хүссэн нь сонсоно. Хүсэхгүй нь хаана, гүйцээ.

    Тэрнээс биш хүмүүсийн яриад байгаа шиг, дээр дурьдсан шулмын хүүгийн хоёр сүйт бүсгүйд асуугаагүй байхад нь сэтгэл зүйн лекц уншиж эхэлбэл хошин шог, бүр эмгэнэл болно. Хүлээн авалт, уулзалтан дээр, айлд зочлох үед, таксинд “Танаас гялс нэг юм асуучихъя” гэдэг бол асуулт биш, нөгөө хувийн хилийг зөрчиж байгаа яруу тод жишээ шүү дээ.

    Бүхнийг эхнээс нь эхэлье гэдэг бол бүх юм дууссаны шинж гэж та лекцэндээ хэлж байсан.

    Эвдрээд бараг дуусаж буй гэр бүлийг авч үлдэнэ гэдэг бол хугацааг л сунгаж байгаа хэрэг болохоос аврал биш. Нэг нь тэвчихийг зөвшөөрөөд, нөгөөд нь энэ тухтай байж болох ч энэ бол гэр бүл биш. Гэрлэлтийн дараа гэнэтхэн л хүний зэс нь цухуйдаг гэж бид боддог.

    Үгүй ээ, хүн үргэлж л ийм байсан. Зүгээр л харилцааны эхэнд өөрийгөө зөвхөн гэрэлд харуулдаг байсан бол одоо тэгэх шаардлагагүй болоод сүүдрээ харуулж эхэлсэн л гэсэн үг. Хүүхэд гэр бүлийн аврах цагариг огт биш, эр эмийн бие биеэ барьцаалах шийтгэх зэвсэг биш.

    Харин ч хүүхэд төрснөөр асуудал хурцаддаг, ядардаг, далд байсан зүйлс ил гарч ирдэг. Хүүхдээр хавх хийж, эсвэл өрөвдүүлж, нөгөө талын хүн чанар, ёс суртахууныг дуудан дуудан авч үлдэнэ гэдэг бол арга ядсан зүйл. Бусдыг өвтгөж байгаагаа мэдсээр байж больж чадахгүй байгаа бол нулимс зовлонгоороо болиулна гэж байхгүй.

    Харилцаа бүрт өөрийн гэсэн асуудал, сөргөлдөөн, үл ойлголцол байдаг боловч хуурах бол хэвийн зүйл биш. Манай Монгол бол бэлгийн маш замбараагүй амьдралтай улс учраас хүмүүс итгэхгүй байж магадгүй л дээ. Гэхдээ “бүгдээрээ л хуурдаг” огт биш шүү. Хэрэв бид өөрөө өөрсдөдөө анд байж сураагүй бол хэнтэй ч байсан сэтгэл дундуур л байна.

    Гэтэл бид ганцаардлаас л үхтлээ айдаг. Ганцаардахгүйн тулд олон алдаа хийдэг байх аа.

    Робинзон Крузо эзэнгүй арал дээр яаж ганцаардлаа даа? Орон сарай, тариалан, мал аж ахуй цэцэглүүлсэн ч зовоод байсан. Олон жилийн дараа Баасантай болж сая нэг санаа амарсан. Тусч, ажилч, уриалгахан, зөөлхөн Баасан эзнийхээ бүх л зовлон жаргалыг хуваалцдаг болсон.

    Гэвч тэр өөр байж болох байсан.

    Тэр чинь ер нь хүний махан хүнстэн байсан шүү, эхлээд. Робинзонтойгоо зэрлэг харьцаж, зэвүүн авирлаж, тариаг нь галдаад, малыг нь туугаад явчихаж болох байсан. Хүн иддэг найзуудаа авчраад урцыг нь түйвээж, бүр авчихсан ч чадах байсан. Тэр цагт ганцаардлын тухай ямар яриа өрнөх байсан бол.

    Амьдралыг там болгох хамтрагчаас, тамаас ганцаардал илүү шүү.

    Робинзонд яах вэ, аз таарч. Харин хүн бүр азтай байдаггүй. Огт байхгүй байснаас муу ч болтугай нь байж байг гэдэг бол хоол хүнсэн дээр л байж болох ойлголт. Харилцаа ганцаардлаас аврахгүй ээ. Муу ханьтай байснаас ганцаараа явж байсан нь хамаагүй дээр.

    Уул нь ганцаардах завгүй амьдрал шүү дээ. Насаараа идэх мөнгөө хураачихсан байсан ч хөгжиж, дэвшиж, энэ насны амьдралаас илүү өндөр лүү өгсөж болно шүү дээ.

    “Эмэгтэй хүн эр хүнд таалагдахын төлөө, эсвэл хүссэн эр хүнээ өөрийн болгохын төлөө, горил хүслээ биелүүлэхийн төлөө бүхнийг хий” гэж байна гэж таныг ойлгодог хүмүүс байдаг юм байна лээ. Харин та болохоор “Юу ч хийсэн, хийж байгаа бүх зүйлийн үр дүн гарна гэдгийг л мэдэж байж хийх хэрэгтэй шүү” гээд байдаг шиг надад санагддаг. Яг хаана зөрчил, парадокс огтлолцоод байна вэ?

    Би хэзээ ч эр хүнд, ер нь бусдад таалагдахын төлөө бай гэж хэлдэггүй. Өөртөө л таалагдаж байвал болоо гэдэг. Эр хүнийг өөрийн болгохын төлөө гэдгийг бол би бүр ойлгохгүй байна. Хэн ч хэзээ ч хэнийг ч өөрийн болгож чадахгүй. Хүслээ биелүүлэхийн төлөө бүхнийг хийж болохгүй, угаасаа. Хүсэл заавал биелдэг. Харин биелсэн тэр арга зам нь заавал өмнөөс тосно шүү дээ. Өнөөдрийн дараа маргааш тосдог шиг. Үүнээс зугтах ямар ч аргагүй.

    Нүүр биеэ зороод сийлээд супермодель шиг боллоо. Нэг нарциссын л тал бие болно. Бошинзоо богиносгоод гуя хасаа гаргаад байвал ад шүглэсэн тачаалтны гарт орно. Шөнийн клуб, махны захаар яваад байвал ганц удаагийн анчинд бариулна. Өөрөө ан гөрөө хийж ч бас магадгүй л дээ. Залуу харагдах тусмаа балчир насандаа гацсан нөхрийг л үрчилж авна. Манипуляци хийгээд л байвал илүү төгс мэхтний торонд орооцолдсоноо ч мэдэхийн завдалгүй бөөн гэмийн мэдрэмжтэй үлдэнэ. Амьд үлдвэл их юм. Төгсөрсөн зальтнууд бол хуруугаа ч хүргэхгүйгээр өөрийг нь өөрөөр нь л хийлгэчихээд, цагаалган дээр цайлган гэгч нь уйлж суудаг.

    Эхнэртэй хүний хүүхдүүдийг төрүүлж  тэтгүүлэх, хамтран амьдарч байгаад салах болбол өмч хуваалцах эрх нь араасаа зөндөө юм дагуулж байгаа. Зөвхөн хэргийн эзэнд гэдэг утгаар ярьж байна. Хүйсийн ялгамжаат шинж тэмдгүүдээ борлуулаад явбал бас тийм л үр дүн хүртэх байх даа.

    Эрэгтэй хүн эмэгтэй хүний ер нь юунд нь болдог юм бол?

    Бернард Шоугийн зэвүүн үг байдаг. “Царай муутай, сэтгэх чадвар бүр муутай эмэгтэй хүнтэй хоёулхнаа үлдэнэ гэдэг бол тамын сорил. Өөрөө ярьж чадахгүй, эргээд хүний ярьсныг ойлгохгүй. Тэгээд хараад байж болохгүй, харсан ч сайхан биш гэдгийг нь л харна. Таван минут өнгөрөөгүй байхад л хоёулаа үхтлээ уйтгарлана. Энэ эвгүй байдлаас гарах ганцхан арга байгаа, та бүхэн тэрийг хараалын үг гэж боддог.

    Харин үзэсгэлэнтэй, ухаантай эмэгтэйтэй бол тэгж тэнэгтэж байх цаг байхгүй. Тэр эмэгтэйг харах, сонсох, яаж сэтгэж байгааг нь ойлгох гэдэг бол дээд зэргийн тансаглал юм. Амтлагч, хачир хэрэггүй. Харин эмэгтэй хүн тэнэг байх тусмаа олон амрагтай байдгийн учир энэ” гэсэн. Бидний санал нийлэх эсэх хамаагүй. Ер нь хэн бидний саналыг асуугаад байгаа юм. Шоу гуай лав биш.

    Питер Линдберг бүр юу гэсэн гээч? “Эмэгтэй хүний хамгийн тачаангуй эрхтэн бол тархи. Би өчнөөн бөгс хөх харсөөн, эмэгтэй хүний хамгийн гол нь тархи байдгийг баттай мэднэ. Бүр түүнтэй унтаж байхад хүртэл. Үгүй ээ, ялангуяа унтаж байх үед юунаас ч илүү чухал юм байна” гэсэн байгаа юм. “Аан, энэ хоёр чинь сулралтай юм байлгүй” гээд л далийх байх. Бас намайг секс ярилаа, дандаа тачаал, чивэл ярьж байдаг гээд л муруйх байх. Яг юу яриад байгааг минь ойлгох нь ойлгог. Ойлгохгүй нь банзай.

    Бид ч гэсэн эр хүний яг юунд нь болоод байгаагаа маш тодорхой мэдэж байх ёстой юм. Жаргалтай байя л гэж байгаа бол...

    Тэр хүнтэй үнэхээр жаргалтай байгаа эсэхээ яаж мэдэх вэ?

    Онолын хувьд мэдэх боломжгүй ээ. Туршлагаар л мэднэ.

    Мэрилин, Морис хоёрын аяллын түүх бий. 1966 онд Бэйли нар байшингаа зараад далбаат онгоц худалдан авч, тэндээ амьдрангаа аялалд бэлдэж байгаад 1972 онд Англиас Шинэ Зеландыг зорьсон. 1973 оны 4 сард халимтай мөргөлдсөн онгоц эвдэрч тэд жижиг завин дээр амь гарсан. Жижиг хийн плитка, шүдэнз, луужин, хутга, хувин, гар чийдэн, 40 литр цэвэр ус, хэдэн нөөшилсөн загас. Завин дээр нэг л хүн хэвтэх зайтай байсан учраас хийлдэг жижиг салан дээр нөгөөдөх нь ээлжлэн сууж явдаг байв. Тэд өөрсдийн хийсэн хөзөр даалуу тоглож, тэмдэглэл хөтөлж, гэртээ харихаараа авах шинэ онгоцныхоо загварыг бүтээж, маш их ярилцдаг болсон. Сүлбээр зүүгээр дэгээ хийгээд загасчилдаг, тор урлаж шувуу барьдаг болсон.

    Хоёр удаа шуурганд өртөж, бүтэн долоо хоног орсон бороонд луужин болон ангийн хэрэгслүүдээ алдаж, өчнөөн удаа эх газар луу ойртож очсон ч эсрэг урсгалаар буцаад задгай далай руу туугдсан тэднийг дөнгөж амьтай байхад нь гурван жилийн өмнөд туйлын аяллаас буцаж явсан солонгосын хөлөг олсон юм.

    117 хоног ганцаар байх, нуух, дүр эсгэх ямар ч боломжгүйгээр алгын чинээ завин дээр нүцгэн амьдрахдаа тэр хоёр анх удаа амар амгаланг олсон гэдэг юм. Харин саяын хоёр жилийн хөл хорионы үеэр нэг өрөөнд битгий хэл нэг гэрт байхдаа бие биеэ тэвчихгүй гэдгээ олон хүн харлаа шүү дээ.

    Заавал ийм сорилгүйгээр өөрийгөө, хүслээ яг таг мэдэж болох уу?

    Инна Чурикова гээд оросын алдартай жүжигчин байсан. Үзэсгэлэнтэй гэж олон нийт бол хэлэхгүй, ядаж дундаж ч гэж нийгмийн жишиг үзэхгүй байх. Үнэн худлыг мэдэхгүй, анхны найз залуу нь гэрийнхэнтэйгээ танилцуулах гээд аваачихад бүгд хэл нь татчихсан юм шиг дуугүй байж байснаа эмээ нь “Та нар Бурханд мөргөдөггүйн чинь хариу энэ, за” гэсэн юм гэнэ лээ. Тийм л төрхтэй хүн. Нэг удаа жүжгийн зохиолчдын дэргэд найруулагч дууджээ.
    - Зохиолоо уншсан уу?
    - Уншсан.
    - За, тэгээд тоглоход бэлэн үү?
    - Мэдээж шүү дээ.

    - За, груп дээрээ очиж бай, дараа ярья гээд гаргаж.

    - Энэ хэний дүрд тоглох гэж байгаа билээ гэж нэг зохиолч нь асуув.

    - Розочкад.

    - Аййн??? Тэр чинь манайхаар бол Брижит Бардо, Мэрилин Монро л байх ёстой шүү дээ гэж үсээ зулгааж тэд нь.

    Найруулагч гарч очоод Иннад хэлжээ.

    - За, чи хорин минутын дараа манай өрөөнд ороод ирээрэй. Гэхдээ чи чи биш болсон байх ёстой. Мерилин Монро ч юм уу, дэлхийн гоо бүсгүй ч юм уу, нэг тийм л тэнгэрийн гоо үзэсгэлэнт, мэдэв үү? Манай жүжигт тоглохыг нэг их хүсэхгүй байгаа ч биднийг жаахан өрөвдөөд доошоо буусан дагина болоод л ороод ир.

    15 минутын дараа тэр өрөөнд жинхэнэ вамп эмэгтэй орж ирсэн гэдэг юм. Үсээ өөрчилж, уруулаа будаад, торгон алчуур мөрөн дээгүүрээ хаясан Инна зохиолчдын зүг ихэмсгээр толгой дохичихоод зохиолын зузаан хавтсыг ширээ рүү тоомжиргүйхэн шидээд, бүр нэг гүний намуухан боловч маш тод дуугаар

    - Уншлаа. Бодъё гэж хоёрхон үг хэлсэн. Хөшиж гацсан зохиолч нарыг харцаараа шатаан нэг хуйхлаад, араас нь тас ширвэн хөлдөөчихөөд пантерын явдлаар урсах мэт гарч одсоны дараа найруулагч нь нөгөө хоёроос

    - За энэ яаж байна? гэжээ.

    - Түрүүнийхтэй ямар адилхан дамшиг вэ тээ. Тэгэхдээ зүйрлэхийн арга алгаа гэж цаадуул нь хөлсөө арчин суусан юм гэдэг. Анх москвагийн театрын сургуулийн элсэлтийн шалгалтын багш

    - Та Афродита гэж хэн болохыг мэдэж байна уу? гэж. Толгойгоо сэгсрэхэд нь

    - Тэр бол гоо сайхны охин тэнгэр. Харин одоо явж толинд хар гээд хаалгаа хаажээ. Инна толинд өөрийгөө хараад эхэр татан уйлж уйлж тайвширсныхаа дараа “Тийм ээ, би Афродита биш. Афродита байх ч албагүй. Би жүжигчин. Би хэн ч болж чадах ёстой. Би маш өвөрмөц төрхтэй. Харин хүн бүр энэ нарийн өгөгдлийг үнэлэх чадваргүй. Гэвч би тэднийг байлдан дагуулна. Өөртөө дурлуулна. Өөрийнхөө гоо үзэсгэлэнд итгүүлнэ. Хөлдөө сөгдүүлнэ!” гэж андгайлсан гэж ярьдаг.

    Өгөгдлөө мэддэг, тэрийгээ юу ч болгож чаддаг болсон тухай сонсох амттай л даа. Харин энэ зам урт. Гэхдээ хэрэгтэй бол, жаргах  хүсэлтэй бол, гоё амьдралд дуртай бол тэгээд л галд, усанд орно. Гашуун, халууныг долооно шүү дээ. Харин бид болохоор биднээс өөр хэнийг ч мэдэхгүй мөртлөө галзуу туршлагатай Казановаг хүсдэг. Хуурай усыг, халуун мөсийг хүсдэг.

    Алдарт жүжигчин Жан-Поль Бельмондо юу гэсэн гээч? “Надад зөвхөн маанагуудын дүрийг л өгдөг байсан. Хэрэв би жаахан омогтой, комплекстой гар байсан бол өдийд гудамжинд л хэвтэж байх байсан”.

    Хаана очихоо яг тодорхой мэдэж байгаа цагт яаж гэдэг нь гол асуудал биш болдог.

    Гэхдээ “Бүх дэлхий гоо үзэсгэлэн, залуу нас, баялаг, сексээр өвчилсөн, үүний л төлөө амь насаа өгч байгаа шүү дээ” гэж та хэлдэг.Би хөөрхөн биш, залуу биш, баян биш, за бас секси биш” гэж олон хүн хэлэх байх.

    Дэлхий өвдсөн нь үнэн. Эдгээр юмсын төлөө хүн төрөлхтөн амиа минут секундээр зориулан зориулсаар дуусгаж байгаа нь үнэн. Гэвчиг дэлхийн өвчин чи бидэнд хэр хамаатай вэ? Би тэгж хэлээ л биз. Ер нь бол Фройдын үг. Тэгвэл Брэд Питт бас хэлсэн байна. “Хүнтэй учирч болох хамгийн аймшигтай зүйл бол гоо үзэсгэлэн, алдар нэр, алт мөнгө гэж би төвөдийн лам нараас сонслоо” гэж.

    Бид аль дуртайдаа л итгэнэ. Итгэснээ л хийнэ. Дур гэдэг бол ертөнцийн хамгийн айхтар хүч гэж би боддог. Юу сайхан, дур сайхан. Хүчээр дурлуулахгүй. Дурыг бас юу ч болиулж хүчрэхгүй. Юу ч бас биш юм аа. Өөрийгөө хайрлах ухаан дурыг хорьж чадна. “Өөрийгөө хайрлах гэж юуг хэлээд байна?” л гээд байдаг. Одоо ухаангүй дуртай байгаа ч гэсэн алсдаа хор болох юмнаас татгалзах, одоо дургүй байгаа ч өөрт ээлтэй зүйлсийг хийхийг л өөрийн хайр гэдэг.

    Хүн заавал тэр хайрыг, хайр сэтгэлийг, ёс суртахууныг сонгох ёстой юу?

    Хүн бүрийн сонголт өөр учраас энд ерөнхий нэг хариулт байх боломжгүй. “Бруклин” киноны гол дүр бүсгүй яагаад баян гэр бүл, баталгаатай ирээдүйг сонгосонгүй вэ, яагаад цагаач, хар ажилчин залуу дээрээ буцаад очсон бэ? Хайр сэтгэл үү? Мэдэхгүй. Хэл амнаас айсандаа л гэвэл өөртөө дэндүү хайргүй хэрэг. Яагаад тэгснийг нь өөрөө л мэдэх байх. Ийм нэг сонголт байсан юм аа л гэсэн кино. Ёс суртахуун гэдэг үгний орчин үеийн хэрэглээнээс би айдаг. Хүн чанар, хүний мөс, хүний үнэр гэж яривал үнэнд илүү дөхөх байх.

    Яагаад хайртай хүмүүсээ хуурдаг вэ, хүн?

    Яг хайртай юу гэдэг эхлээд тавих хэрэгтэй асуулт гэж бодож байна. Тэр хүнд би хэрэгтэй, тэр надгүйгээр байж чадахгүй гэдгээс үүдэлтэй уучлах, тэвчих, бууж өгөх, өөрийгөө золих, хохироох, тэр хүний хэрэгцээг л сонгох зэрэг бол хүнлэг чанарууд байж болох юм. Хэтэрсэн үедээ хамаарал болж болно. Гэхдээ хайр биш. Хайр бол жаргал, эвлэрэл, ойлголцол, эдгэрэл. Эндээс өөр тийшээ явах шаардлага байхгүй.

    Харин шаардлага хэзээ гарч ирдэг вэ? Би хайрлуулах эрхтэй гэдгийг батлах гэж. Өөртөө, ханьдаа, бас хууралтыг хамт үйлдэж буй хамтрагчдаа ч гэсэн. Хэрэв баталгаа хэрэгтэй бол тэнд хайр алга. Өөрөө зөвшөөрсөн учраас жишээг нь би лекцэндээ дурьдаж байсан нэг эмэгтэй нөхрөө хуурсан. Хариугаа авах гэж хуурч эхэлсэн. Дараа нь дурласан, төд удалгүй дур гутсан, гутралд орсон. Хэдэн жил нөхөртэйгөө харилцан өшөөгөө авалцсаны эцэст хайргүйгээ мэдээд салсан.

    “Өдөр тутмын ахуйн аймшгаа уянгалуулах гэж, романтик байлгах гэж л би эрчим хүч цаг хугацаагаа алдсан байна. Би нөхөртөө хайртай гэж, нөхрийгөө бас өөртөө хайртай гэж итгүүлэх гэж энэ олон жилийг өгч. Хайргүй байхад муу юм огт байхгүй байж. Зүгээр л ойлголцоод, энгийн сайхан амьдарч болох байсан.

    Миний учраануудын аль нь ч нөхрөөс маань дээр биш. Би ч түүний амрагуудаас доор биш. Хүн ер нь хэнтэй ч гоё байж чадна. Ганцаараа ч өөрийгөө болгож чадна. Яагаад заавал хайртай байх ёстой гэж ингэтлээ чичрээд байдаг юм бэ? Яагаад хайрыг заавал анхны долоо хоногийн хөөрлөөр нь үүрд хадгалах гээд, үр хөврөлийн түвшинд л байлгах гээд байдаг юм бэ?” гээд уйлж байсан.

    Хүслээ мэднэ гэдэг бол хэрээ мэднэ л гэсэн үг. Хэрээс хэтэрсэн бүхэн хор болдог. Супер баатар, мистер, онцгой бузгай хүнийг хүсэх нэг хэрэг. Харин яг ийм хүнтэй чи жаргалтай байж чадах эсэх өөр хэрэг. Өөрийнхөө схемийг харах хэрэгтэй. Хайр гэдгийг бүр хэлд ороогүй байхдаа чи яаж мэдэрч байсан бол? 5 хүртэлх насандаа? Аав ээжийнхээ харилцаанаас юу мэдэрдэг байсан? Одоо хажуудахаасаа юу мэдэрч байна? Яагаад энэ хүнтэй хамт байгаа вэ? гэх зэргээр эрэгцүүлэхдээ олж харсан бүхэн, ойлголтын цэг, ухаарлын зурааснууд чинь чиний амьдралын зураг юм. Ингээд сууж байх зав байхгүй бол зүгээр ээ.
    Энэ бол бас л нэгэн зүйлийн шийдэл.

    Гэхдээ нөгөө талаас та өөрөө, “Хэрвээ энгийн, хэвийн байх гээд л үзээд байх юм бол ямар гайхалтай байж чадахыгаа хэзээ ч олж мэдэхгүй” гэдэг биз дээ?

    Чи яг цэгийг нь олж хатгаж байна гэдэг шиг, хүмүүс яг л ингэж асуух байх. Дээр хэлсэн шиг биш, тэр хүн зүгээр л үнэхээр далайцтай сэтгэдэг, том мөрөөддөг байж болно. Хималайгаар аялах, өөрийгөө хайх, бусдаас өөрөөр амьдрах, “хэвийн бус” байх чин хүсэлтэй байж болно. Хэвийн хэмжээг давж байж л өөрийнхөө жинхэнэ хэмжээг мэдэх учраас. Гэвч тэр хүнтэй хамааралтай, түүнээс шууд хамаардаг хүмүүс, ялангуяа насанд хүрээгүй хүүхэд байгаа бол ямар ч аугаа зорилгын төлөө бай, гэгээрнэ ээ хө гээд гараад явчихаж болохгүй.

    Эрүүл сэтгэцтэй хүн тэгэхгүй. Эх хүн хүүхдийг ээжгүй болгох эрх байхгүй. Асрамж хэрэгтэй эцэг эх, ээжийн халамж хэрэгтэй өсвөр наснаас доошхи хүүхдээ орхиод явж байгаа, эсвэл амь дүйж байгаа биш бол, эрсдлийг тооцоолоод, эрүүл мэнд амь насаа батлан даагаад явж байгаа бол үнэхээр ямар гайхалтай байж чадахаа мэдэж болох л юм.

    Таны хийж байсан сонин үйлдэл юу байдаг вэ?

    Би экстрим хүн биш. Би яаж чадав аа гэж гайхдаг нэг тохиолдол бий. Дөнгөж оюутан болсны дараа эртний танил бүсгүй маань үүр шөнөөр ороод ирсэн. Нөхөр хүүхэдтэй. Явдлаараа алдартай нэг залуутай эхний болзоон дээрээ биеийн харилцаанд орчихлоо гээд уйлж гарсан. Би маш их өрөвдөж байсан. Тэгээд би “За, би чиний бүх алдаа, муу муухай бүхнийг авъя. Чамд одоо гэм байхгүй” гэж хэлээд тэвэрсэн. Би яг ингээд авчихаж байгаа гэдэгтээ үнэн голоосоо итгэж байсан учраас айж байсан. Гэхдээ өөр юу хийж болохыг би мэдэхгүй байсан. Танил маань ч тайвшраад унтаад өгсөн.

    Мэдээж хийснийхээ үрийг тэр хүн өөрөө л амсана, үйлийн үрийг

    шилжүүлж болдоггүй. Гэвч тэр явдлаас хойш надад таагүй зүйл

    тохиолдоход “Би өөрөө ингэж шийдсэн шүү дээ. Одоо араа даана”

    гэж боддог байж билээ. Тэгэхэд өнөөх зовлон илт багасаад,

    гоншигнохоо больдог байсан. Тэр тухай бодох тоолон, хэрэв цагийг

    буцаадаг сан бол би ахиад л тэр сонголтыг хийх байсан л гэдэг дээр

    очдог.

    Чи хэтэрхий сансрын байна, газар дээрээ буу, маргаашийн

    өөхнөөс өнөөдрийн уушиг гэх мэт үгийг охид маань их сонсдог

    юм байна.

    Хэрэв хэн ч давахгүй байгаа бол босгоо буулга гэж үү? Тэнд хүрэх

    хүн байхгүй бол эргээд л нөгөө хэнтэй ч хамаагүй руу буух хэрэг

    үү? Огтхон ч тийм биш. Тэгвэл ганцаараа байж болно биз дээ?

    Өнөөдөр яг хүссэнээрээ амьдарч чадахгүй байгаа нь мөрөөдлөөсөө

    татгалзах шалтаг биш. Яг одоо юм бүтэхгүй байгаа нь, ертөнц

    бидэнд татгалзаж байгаа нь “Одоохондоо үгүй” болохоос үүрд үгүй

    гэсэн үг ерөөсөө ч биш.

    Эмэгтэй хүн бүр мэдээсэй гэх ганцхан түлхүүр үг хэлээч гэхэд та

    “Чи сахиус” гээд эрдэмтэн Данцигийн түүхийг ярьж байсан.

    Гэтэл бид яагаад салбар салбартаа Данциг байж чадахгүй байна

    вэ?

    Уг нь бид бүхнийг чадна. Итгэх хүртэл л удна. Яагаад гэвэл өдөр

    бүр агшин бүрт бид “Миний нэр тэр, тэдэн настай, тийм өвчтэй,

    ийм ч зовлонтой” гээд хуучин итгэл үнэмшлээ л баталж байдаг.

    Гэтэл эрхтэн бүр 1-5 жилийн дотор бүрэн шинэчлэгддэг. Энэ өдөр

    бүрийн шинэчлэлийн эрчим хүчтэй нэг давтамжин дээр долгилоод

    “Би шинэ, би залуу, би эрүүл, би чадна” гээд резонанс үүсгэвэл асар

    ихийг бүтээх боломжтойг олон хүний амьдрал батална.

    Харин сэтгэл зүйчийн хувиар хэлэхэд Данциг интроверт маягийн

    хүн байсан байх. Тэр хичээлээс хоцорсон байлаа гэхэд дараа нь

    ангийнхнаасаа тэр бодлогын талаар асуугаагүй байгаа юм. Хэрэв

    асуусан бол тэд нь “Өө, энэ шийдгүй гэсэн хоёр бодлогыг багш

    бичсэн байсан юм” гээд л түүх дуусчих байсан. Тэгсэн бол дэлхийд

    тэр хоёр нээлт гарахгүй байлаа.

    Хэрэв бид Данцигийн оронд байсан бол яах байсан бол гэж

    төсөөлөөд үзье л дээ. “Хүүе, та нар бодсон уу, яаж бодсон,

    шидчээч” л гэнэ. Тиймээс бид нээлт хийдэггүй. Дандаа бусдаас

    будаа иднэ, шийдлийг биш хамгийн хөнгөн дөт замыг хайна, өөрөө

    явах биш хүнээр үүрүүлээд л хүрчихийг бодно, бүх юманд арга мэх

    сүвэгчилнэ. Сэргэлэн зан, заль мэх бол өөртөө итгэлгүйн шинж шүү

    дээ. Харин Данциг бол өөртөө маш итгэлтэй хүн байсан байх.

    Хэрэв сахиусаа олсон, түүнийхээ хүчийг авдаг бол өөртөө

    итгэлтэй, хамгийн “гоё” эмэгтэй байна гэсэн үг үү?

    Нэг ч амьтан, нэг ч сэтгэлтний нөгөө амьд оршихуйдаа хандаж

    чаддаггүй тийм нэг зүйлийг л эмэгтэй хүн гэдэг. Эмэгчин төдий

    биш, эх төдий биш. Хүн төдий бас биш. Эмэгтэй робот гарчихлаа.

    Бүр илүү үйлдлийн системтэй, эмэгтэй хүнийг бүрэн орлох

    хэмжээний хиймэл оюун ухаан удахгүй гарах нь тодорхой

    болчихлоо. Эрчүүдийн болон нийгмийн “хэрэглэгчийн шаардлага”-

    ын дагуу шилмэл чанаруудын цогц болсон бүтээл гарах байх.

    Худалдан авалтаас хойш ямар ч зардалгүй, элдэв авир аашгүй,

    дургүй хүргэвэл унтраачихдаг, дур хүрвэл түмэн янзаар аяглах,

    дэлхийн бүх мэдлэг мэдээллийг агуулж, хүссэн сэдвээр про

    түвшинд ярьж чадах энэ “эмэгтэй” сэтгэл хөдлөлийн ч олон

    хувилбартай, мэдэрч чадна гээд байгаа. Гэхдээ хэний сэтгэл хөдлөл

    вэ? Энэ бол хүн биш алгоритм.

    Гэтэл хүн байх эсэх одоогийн залууст хамгийн гол зүйл биш

    болсоор байна. Сая гаруй япон хүн роботтой болсон. Энэ тоо улам

    өснө. Уламжлалт болзоо устана. Уулзах газар ч виртуал болно.

    Хэрэв болзож буй хүн маань код, газар нь ч бодит бус, уулзалтын

    хэлбэр ч биет бус, ерөөсөө амьдрал тэр чигээрээ нүдэндээ зүүсэн

    төхөөрөмжинд л харагдаж байгаа тэр зүйл-програм болчихвол яг

    жинхэнэ амьдрал гэж юу болох вэ? Яг л тоглоом шиг болчихвол?

    Хүмүүс “Гоё эмэгтэй гэж хэн бэ” дээрээ нэгдмэл ойлголтонд хүрч

    амжаагүй байж байтал хүн дүрст алгоритм ба биологийн хүний

    сэтгэл мэдрэлийн тогтолцооны хоорондын харилцааны асуудал

    гараад ирлээ дээ.

    Тэгвэл одоохондоо, хүн хоорондын харилцаа байгаа цагт эр

    хүнийг өөртөө татахын тулд, өөрийнхөө хүссэнээр байлгахын

    тулд яаж ярих ёстой юм бэ гэж хүүхнүүдийн өмнөөс асууя?

    1988 онд Белградын амьтны хүрээлэнгээс Сами нэртэй шимпанзе

    хэд хэдэн удаа оргож. Хүмүүс түүнийг барьж чадахгүй аргаа барж

    байх үед хүрээлэнгийн захирал Вук Бойович модны доор сууж

    байгаа Сами руу очжээ. Ямар ч тор урхи, унтуулагчтай буугүйгээр.

    Зүгээр л хажууд нь сууж байгаад, удаан ярьсан. Сами сонсоод л

    байсан. Тэгээд сонсож сонсож өөрөө босоод амьтны хүрээлэн

    рүүгээ явсан гэдэг.

    Гэхдээ ойлголцох боломжтой бодгалуудын хооронд л энэ зүйл

    болно. “Бодлыг уншдаг экстрасенс покер тоглож байгаад юм

    боддоггүй хүнд хожигдсон” гэж нэг шог яриа байдаг. “Аан,

    покерыг бодохгүй тоглоно гэж байдаггүй юм. Битгий худлаа ярь”

    гэх байх л даа. Гол утга нь, ярьж байгаа, харилцаж байгаа, харилцан

    бодлоо уншилцаж байгаа бодгалууд нэг түвшинд байгаа эсэх тухай

    л юм. “Бодол унших чадвар хэдий супер ч боддоггүй хүмүүсийн

    түвшинд үйлчлэхгүй ээ” гэдэг санаа. Тэр сармагчин бол хүнтэй нэг

    түвшинд ойлголцож чадсан.

    Гэтэл хүмүүс хоорондоо ойлголцдоггүй. Уул нь бие биетэйгээ

    хүний ёсоор л ярьчих хэрэгтэй юм байгаа юм. Амьтантай ч бас.

    “Бүр амьгүй юмстай ч хүртэл ярьж байж л болгоно” гэж ээж минь

    хэлдэг байсан. Хуучин муу гацдаг цоожоо аргадаж байгаад л

    нээчихдэг байсан. Нэг оёдолчин найз маань хэрээсний машинаа бас

    илдэг, гоёдог байж билээ. “За, би чамд ийм гоё стикер авчирлаа.

    Чамд ёстой гоё зохиж байна” гээд л. Манай тэнхимийн нэг эрэгтэй

    багш машинтайгаа ярьдаг байсан. Нэр өгчихсөн, “Алив, цыганка

    минь нисээд байгаарай” гэдэг сэн. Эдийн шуналтан учраас тэр биш

    юм л даа.

    Яагаад хүмүүс ойлголцдоггүй юм бол? Буулт хийх, хүлээн

    зөвшөөрөх, хэлэлцэн тохиролцох, хүлээцтэй байхын хэм хэмжээ

    хэзээ алдагддаг юм бэ?

    Бүсгүй залуу хоёр болзож эхэлж. Хэсэгтээ сайхан байснаа залуу,

    “Би ер нь гэрлэхээсээ өмнө зугаалах хэрэгтэй, чамайг гэхдээ орхих

    гээгүй байна, чамтайгаан л сууна, тэр хүртлээ хороо гаргая” гэж

    ойлгуулж. Бүсгүй гаднаа бол сүрийг үзүүлсэн ч дотроо алдчих вий

    гэж айж байсан. Ихэнх эмэгтэй хүн “Тэр залуу юу хүсэж байгаа

    бол?” гэж бодохоос “Би юу хүсэж байна вэ?” гэж боддоггүй.

    Хүний мөрөөдлийн хүүхэн байж, хүний мөрөөдлийг биелүүлэхийг

    л хүсдэг. Хямралыг давах, өөрийнхөө учрыг олох, эксээ мартахад

    нь яаж эрдээ туслах вэ л болоод явчихна. Эр хүний хүсэл

    эмэгтэйнхээс жаахан дээгүүр юм шиг, эм нь өөрөө оролдож байгаад

    эрийнхээ доогуур эвээ олчих ёстой юм шиг үздэг. Эм хүн ухаалаг

    бол “гэрийн тавилга”-ыг тэрбумтан болгоно гэж нийгмээрээ ярьдаг.

    Хэрэв эрийн талаас юу ч шалтгаалдаггүй юм бол сандалтай ч

    хамаагүй харилцаад, түүнийгээ сандал биш сайхан залуу болтол

    тордож болох юм уу, тэгээд? “Өө, энэ нэгэн хэвийн амьдралаас

    боож үхлээ. Орондоо гурвуулаа оръё” гэж эр хэлбэл “Би чадахгүй

    байгаа байна. Тэгээд л тэр гаднаас хайж байна. Яаж тэрийг нь өгөх

    вэ? Яаж сурах вэ? Үгүй гэчихвэл ёстой дуун дээр гараад явчихна.

    Үздэг ч юм бил үү...” гээд л ээдэж гарна.

    Уул шугамандаа бол “Би гурвуулаа байхыг хүсэж байна уу? Тэрний

    яриад байгаа юм нь амьдралын болон харилцааны тухайд миний

    өнөөдрийн үзэл санаатай нийцэж байна уу?” гэдгийг л бодох ёстой

    юм. Хайрын болон албаны, ерөөсөө ямар ч хамтрагчийн ямар ч

    саналыг ингэж л харна. Чиний хариуцах бүс бол тэр хүн биш,

    гагцхүү чи өөрөө л юм.

    Хүмүүс хайрын харилцааны асуудлаа ил ярьдаг ч ээжтэйгээ үл

    ойлголцлын талаар их нуудаг. Яахаараа ээждээ дургүй гэж,

    яагаад ээж нь хайрлаагүй гэж, ямар муухай юм бэ гэнэ гэж их

    болгоомжилж, гаднаа маш эвтэй дүр эсгэдгийг би сургалтын

    үеэр ээжүүдийн хийдэг илчлэлээс харж байсан. Үнэхээр санаанд

    багтамгүй түүхүүд байдаг юм байна.

    Хөтөлбөрийнхний түүх гайхмаар. Гэхдээ Гейл Киршенбаумын

    түүхийг энд ярья. Ээж нь Гейлтэй хүмүүн бусаар харилцдаг байсан.

    Ангийнхантайгаа уулзаад хагас цаг хоцроод ирэхэд нь “Чамайг

    хүчиндээсэй билээ. Хэрэв хүчиндүүлж амжаагүй яваа бол” гэж

    хэлээд машинд сууж байсан хүүхэд бүрийн гэрийн утсыг авч

    байсан. Охин мэдээж ичиж үхэх гэж байсан. Гэртээ ороод хувцасны

    шүүгээн дэх бүх хувцсыг нь гаргаж шидээд эвхүүлсэн, дөрөв дахин.

    Өсвөр насны туранхай биенээсээ ичдэг охиндоо бикини өмсүүлээд

    бассейны хичээлд явуулдаг байсан. “Мужаан дээр оч. Чамайг банз

    болгож авах нь уу, бараг голно доо”. Хөхөвчинд нь ээжийнх нь

    чихсэн хөөснүүд усан дээр хөвөх үед Гейл газрын гаваар

    орчихмоор болж байсан.

    “Доромжлол бол ертөнцийн надтай ярилцдаг цорын ганц хэл

    байлаа. Ах нар маань ээжийн тушаалаар намайг хөргөгчин дээр

    гаргаад тавьдаг, гэрийнхнийг хооллож дуустал би тэнд атиралдан

    суудаг байсан”. 20 настай байхад нь ээж нь Гейлийг тунгалгийн

    булчирхайн үрэвсэлтэй гэж гэнэт шийдсэн. Эрүүл гэж үзсэн эмч

    нарыг орхиод тэтгэвэрт гарсан эмчээр мэс засал хийлгэсэн. Тэр эмч

    буруу зүсэлт хийсний улмаас хүзүүнд нь үлдээсэн маш том сорвийг

    Гейл насан туршдаа ороолт алчуураар нууж яваа.

    “Найзууд, сэтгэл засалчид, нийгмийн ажилтнууд намайг ээжтэйгээ

    харилцахаа боль гэдэг ч би чаддаггүй. Надад ЭЭЖ хэрэгтэй байдаг.

    Бүр ийм байсан ч хамаагүй”.

    14 наснаас нь хойш албадаж байгаа хамрын хагалгаанд Гейл

    орохдоо 51 настай байсан. Мэс заслын үйл явцыг заавал бичнэ

    гэсэн болзолтойгоор. “Миний хамар” богино хэмжээний киноных

    нь дараа хүмүүс түүнд түүхээ ярьдаг болсон. Хамрын тухай биш.

    Хүүхэд насны гэмтлийнхээ тухай. Вашингтон пост: “Гэрийнхэн

    чинь ямар ч аймшигтай байсан чи Гейл Киршенбаум шиг ээжтэй

    болоогүйдээ л баярла. Хэрэв болсон бол яаралтай сэтгэл засалчид

    хандаарай” гэж бичиж байв. Ээж нь үүнийг уншаад “Муу ч гэсэн

    алдар нэр. Би “The Washington Post”-ын нүүрэн дээр гарлаа” гэж

    хэлсэн.

    “Ээж минь ийм болтлоо ямар их зовлон үзэж, ямар аймшигтай

    өвдөлтөөр энэлсэн бол гэж би боддог байсан. Даанч ээжийн ах дүү

    нараас асуухаар бүгд нүүр буруулдаг”. Сэтгэл заслын үеэрх тэдний

    ярилцлагыг бичихийг 80 гарсан ээж нь зөвшөөрснөөр “Одоо

    биднийг нэг хараач, ээж ээ” кино төрсөн түүхтэй.

    Амиа хорлохыг оролддог сэтгэцийн асуудалтай эцэг. Эх нь

    ганцаараа ажилладаг, цагаачдын тарчиг амьдрал. Охин дүүгийн

    үхэл. Энэ бүхнийг ярьж байхдаа ээжийгээ уйлахыг Гейл амьдралдаа

    анх удаа харсан юм. Сэтгэл зүйн трейнингийн үеэр ээж тэр хоёрын

    гэмтсэн Дотор хүүхдүүд хэрхэн тэврэлдэхийг харснаар Гейлийн

    жинхэнэ эдгэрэл эхэлжээ.

    “Ээжээсээ хайр хүлээхээ больж, тамлагчийг биш харин тарчилсан

    жаахан хүүхдийг хардаг болсноос хойш би ээжээсээ чөлөөлөгдөж

    эхэлсэн. Ээж минь 99 настайдаа наманчлалын өдрөөр бичлэг

    хийсэн”.

    “Гейл, чамд маш харгис хэрцгий хандаж байсандаа би харамсаж

    байна. Чи намайг уучилсныг би мэднэ ээ. Харин одоо би өөрийгөө

    уучлахыг оролдоно”.

    “102 настай ээжтэйгээ би дотноссоор л байна. Энэ бол өнгөрснийг

    мартаж байгаа хэрэг биш ээ. Энэ бол тэнд болсон бүх зүйлийг

    хөндөлсөн, өөр лүүгээ очиж байгаа их аялал юм. Хэн нэгэн өршөөл

    эрснээр амар амгалан ирдэггүй юм. Харин болоо, гүйцээ,

    хангалттай гэж шийдэх цагт л ирдэг. Ингэж би эрх чөлөөгөө олсон

    юм”.

    Ээж ч гэлтгүй бас аавыгаа уучилж байж л бид эрх чөлөөгөө олно.

    Бид аав ээж, гэрийнхэн, ах эгч нар, нөхөр хүүхдэдээ өөрийгөө

    батлах гэж их оролддог юм байна. Тэрнээс гадна бусдыг аврах

    гэж, бусдын чадаагүйг би чадна гэж омгийн сэтгэлээр бас гүйгээд байна уу?

    Бид чинь бусдын сэтгэл санааны байдлын сайн дурын засварчид

    шүү дээ. Багадаа эцэг эхийн сэтгэл санааны байдлыг уншиж,

    харцаар нь хөдөлж, “муу өдрүүд”-ийнх нь бангыг хүртэж явсны

    үрээр “Хэн нэгний ааш аяг нэг тиймэрхүү байгаа бол надаас л

    болсон” гэх тохиргоотой болчихсон.

    Харин одоо л, бусдын сэтгэлийн байдал надтай ямар ч хамаагүй, би

    ийм болохоор л ээж аав минь зовоод байгаагүй, тэд өөрсдийнхөө

    учрыг олж чадаагүйнхээ уурыг надад гаргаж байжээ гэдгийг

    ойлгож эхэлж байна. Тэгээд хүүхдийнхээ хямрал гутралд үйрээд

    бутраад тарчихгүй, тэр хүнийг засах гэж дотор базлан тэвдэхгүй,

    өөрөө тайвширтал нь хүлээдэг болж байна.

    “Хэрэв дэргэд байгаа хүний уур, гуниг, сэтгэл дундуур байдалд

    тавгүйдээд, тэр хүний аашийг засах гэж үзэж байгаа бол чи

    өөрийгөө л аргадах гээд байна. Тэгэхээр яг яагаад байгаагаа л ол.

    Хэрэв чиний ааш өдөрт хэдэнтээ савлаад байдаг бол уур унтууг

    чинь барж байгаа хүүхдээ биш өөрийгөө л ажиглавал дээр” гэж

    сэтгэл засалд үздэг дээ.

    Охид маань өсвөр насандаа орж байна. Удахгүй болзоонд гүйх

    байх даа. Нэг талаас өсч байгаад нь баярлах, нөгөө талаас санаа

    зовних зэрэгцэж байна. Шилжилтийн насны охидтой ээжүүдэд

    юу гэж хэлмээр байдаг вэ?

    Охины хүмүүжил эмээгийн бага насанд аль эрт эхэлчихсэн л гэж

    хэлнэ дээ, хэхэ. Би охиндоо үлгэр үзүүлье гэвэл өөрөө бүтэн байх

    хэрэгтэй. Тэгэхийн тулд ээж минь намайг хайрласан байх ёстой,

    ээж минь өөрөө хайрлуулсан байх ёстой. Тэгэхээр эмээ минь

    жаргалтай байж байж л охиндоо тэр хайрыг өгөх байсан. Тэгвэл

    одоо эмээгийнхээ хийгээгүйг хийж, ээжийнхээ Дотор хүүхдийг

    эдгээж, эвлэрч байж л охиндоо бүтэн ээж, бүрэн ойлголцлыг өгнө.

    Аавтай холбоотой сэтгэлийн зүйлс ч яг адилхан, энэ замаар л явж

    байж, эр эмийн асуудлаа шийднэ, санхүүгээ ч шийднэ.

    Хосын харилцаанд юу хамгийн чухал вэ гэдэг улиг болсон

    асуултыг тавихгүй байж чадахгүй нь ээ.

    Туйлын сайн хүн байсан ч, сод ухаантан байсан ч, хайртай дотны

    хүн байсан ч үнэр нь таагүй бол өөртөө ямар ч сэтгэл засал хийгээд

    дийлдэггүй. Гадаад нөхөртөө хайртай, бүх талаар хангалуун ч

    эмэгтэй хүнийхээ хувьд нэг л жаргалгүй байдаг гээд ярьж байсан

    эмэгтэйд эх орны үнэр, монгол хүний үнэр гээд хэлсэн чинь “Та

    одоо сэтгэл зүйч хүн байж байж” гээд дургүйлхэж байсан. Харин ч

    сэтгэл зүйч учраас л тэгж хэлсэн юм. Хэрэв үнэрт нь дургүй л бол

    өнгөрөө, ямар ч мөнгөний тоо, ямар ч гавьяа, үзүүлэлт аврахгүй ээ.

    Тэгээд орондоо хамт орох нь тун чухал.

    30 жил дэлхийн хамгийн тансаг рестораны гал тогоонд буцалж буй

    дээд зэрэглэлийн нэгэн тогооч хэрхэн бешбармак идсэн түүхийг

    ярья.

    Нэг амсав. Нүдээ аньж байгаад ахиад нэг үмхэв. “Сүүлийн 30 жилд

    миний идэж үзсэн хамгийн үнэнч хоол байна”.

    - Үнэнч ээ?!

    - Тэргүүн зэргийн ресторануудад байгалийг хэмхэлдэг. Орц, амт,

    хөөс, сүмсээр бөмбөгддөг. Гоё. Сэтгэл татам. Гэвч энэ бол урлаг

    болохоос хоол биш. Харин энэ бол жинхэнэ хоол байна. Мах,

    гурил, сонгино, шөл. Дөрөвхөн орц, гэвч тус бүртээ төгс. Парист

    бол би ийм хоолыг гурван өдөр хийх байсан. Гучин амт нэмээд

    сүнсийг нь гутаачих байсан. Харин энд юугаар ч хучаагүй,

    нуугаагүй жинхэнэ амтыг, тэр хүнсэнд итгэсэн гүн ухааныг хүртэж

    байна. Би 5 жилийн өмнө мишлений гурав дахь одыг авснаасаа

    хойш хүмүүст биш инстаграмын хэмжүүрт зориулан бүтээдэг

    болсон. Харин бешбармак бол хүмүүст зориулсан, хүндрүүлээгүй,

    хуураагүй, хайраар болгож, сэтгэлээр аягалсан жинхэнэ утга санаа,

    гэрийн амт, ээжийн дулаан энгэр байна” гэж хэлсэн.

    Хосын харилцаа чинь энэ тухай л юм.

    Тэд бие биедээ хамгийн ойлгомжтой, хамгийн энгийн, тав тухтай

    байх ёстой. Тэр заавал зүрхний нөхөр чинь байх ямар ч албагүй гэж

    сэтгэл зүйчийн яриаг анх сонсоод инээж байсан би одоо энэ үгний

    төлөө хоёр гараа өргөнө. Хосын амьдрал бол урлаг биш. 2х2=4 шиг

    л эгэл, үнэн, тодорхой байвал болоо. Үзэл санаа нэгтэн байх, оюуны

    өндөр түвшинд ойлголцдог байх нь сайхан ч хосын амьдрал өрнөх

    ахуйн дунд нөгөө хүн маань зүгээр л чамд тухтай ХҮН байх нь

    хамгаас чухал байдаг.

    Тэгээд чамайг ханатал чинь энхрийлэн таалдаг байвал гүйцээ.

    Хэрэв эмэгтэй хүнийг алдаг оног, дутуу дулимаг, болхи

    бойтогдуухан энхрийлдэг бол шунахай, аймхай, харгис,

    тохиолдлуудаар цангаагаа тайлагч болчихдог. Харин ханатлаа

    таалуулсан эмэгтэй юунд ч үхэлдэхгүй, хатгуулахгүй, өөрөө

    эвлэрэл эдгэрэл болдог доо.

    Гоодалийн ярилцагчдаас хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн хүн хэн

    байдаг вэ?

    “Гоодалийн ярилцагч бүр өөр өөрийнхөөрөө ер бусын байсан”

    гэхлээр хүмүүст таалагдахгүй. Бид чинь яг бүхэл цул юманд өгсөн

    ерөнхий нэршилд дуртай. Тэр муу хүн, энэ сайхан амьтан гэвэл

    ханаж байдаг. Харин би хүн бүрээс бүр нэг гүний, ганцхан

    өөртэйгөө байхдаа дуулдаг тэр л хоолойг нь сонсохыг хичээдэг

    байсан.

    Нэрт сушич Зиро Оно Японоос бусад газрын сушиг зүгээр л хоолны

    дараа өгдөг амттан гэж үздэг. “Баахан сүмс, чимэг зүүсгэл, хачир

    нэмэлт. Хүмүүс амтыг биш гайхшралыг л хүсдэг. Харин суши

    гайхуулах ёсгүй юм. Загас будаа хоёр аманд учрахын цагт тэнгис,

    улирал, тогоочийн зүрхний дууг л хүн сонсож байх учиртай. Хэрэв

    үүнээс өөр юм сонсогдож байвал тэр чинь замганд ороосон салат л

    төдий. California roll-ийг би үгүйсгэх гээгүй.

    Зүгээр л энэ бол Япон биш. Мисо шөлөнд сүү, шоколад нэмбэл

    сонин сайхан байж болох ч япон хоол биш болно. Shuhari-ийн

    философи энгийн: 守 (shu) хэлбэрээ барих. 破 (ha) заагийг

    ойлгонгоо зөөлөн эвдэх. 離 (ri) хэлбэртээ үнэнч үлдэнгээ ялимгүй

    давах. Суши өөрийн хоолойтой ч улирал бүрт өөр өнгөтэй, өөр

    аязтай” гэсэн байдаг. За, яг тэр аязуудыг л би хүний сэтгэлээс

    хайдаг байсан гэж хэлье дээ.

    Зарим хүнтэй их ядардаг. Эелдэг. Найрсаг. Таатай. Тансаг. Гэвч

    ядардаг. Хамгийн ядраагүй хүн бол Энхцэцэг, MCS-ийн гэгддэг.

    Бид гоодалийн дугаарт ярилцаагүй боловч хэдэнтээ уулзаж байсан.

    Маш тодорхой, ойлгомжтой. Сэтгэл зүйн тоглоом тоглодоггүй маш

    ховор хүмүүсийн нэг. Жишээ нь, инээд нь зөвхөн инээдийг л

    илэрхийлнэ.

    Батсайхан, APU-гийн, миний мэдэх хамгийн стильтэй монгол хүн.

    Бүх утгаар дээд зэргийн цэвэрч. Сайн тактикч.

    Батжаргал, CAPITAL group-ийн захирал асан, онц стратегич.

    Аливаа ярилцлагыг хэрхэн хөтлөх, өөрийгөө илэрхийлэх, нөхцөл

    байдлыг ажиллуулахын мастер. “Оновчтой байх нь хаадын эелдэг

    ёс” гэдэг дээ. Сүржин, дүвчин биш. Хийж чадахаа хэлнэ. Хэлснээ

    хийнэ. Цаг хугацаанд л хөрөнгө оруулна. Тэгээд цагийг өөрийн

    талд тоглуулна.

    Ярианы эхэнд таны дурьдаж байсан “гэрээс гарах” шалтгааныг

    тань мэдэхийн хувьд, бас таныг сэтгэл зүйд үнэхээр их, дэндүү

    их дуртайг мэдэхийн хувьд алинд нь илүү хайртай вэ гээд

    зориглоод асуучихъя.

    Ээж аавынхаа алинд нь илүү хайртай вэ гэсэн асуултанд хариулах

    гэж байгаа хүүхэд шиг л “Хоёуланд” нь гэмээр байна, хэхэ. Гэхдээ

    энэ хайрууд адилгүй юм. Оюун санааны амьдралыг сонгож буй уг

    шалтгаан, сэтгэл судлалыг бишрэх сэтгэл хоёр бол өөр зүйлс.

    Өрнийн сэтгэл зүй биширмээр. Зарим хүний яриад байгаа шиг

    сэтгэлийг тархинд байдаг гэж андуураад тархины үйл

    ажиллагаанаас сэтгэлийг хайгаад мухардаад байгаа юм байхгүй.

    Лейпцигийн их сургуульд 1870-аад оны дунд үеэс сэтгэлийг судлах

    туршилтууд хийж эхэлсэн Вильгелм Вундт хэмээх физиологч,

    философч, физикч эрдэмтэн анх судлагдахуун ухамсрын бүрдэл

    хэсгүүд буюу мэдрэмжүүдийг ялган тодорхойлж, тэдгээрийн

    хоорондын уялдааг тогтоосноор ассиотатив сэтгэл зүйн үндсийг

    тавьж байсныг бүгд мэднэ.

    Туршилтанд оролцож байсан хүмүүс метрономын дууг сонсоод

    хэмнэлийг барьж чадсан нь ухамсар зохион байгуулалттай юм

    байна гэдгийг баталж, сэтгэл бол тэрхүү нарийн бүтэцтэй

    элементүүдийн тогтолцоо юм гэдгийг тодорхойлж байлаа. Энэ

    туршилтын тэнхим бие даасан дээд сургуулийн хувиар элсэлт авч

    эхэлсэн 1879 оныг сэтгэл зүйн шинжлэх ухааны төрсөн жил гэж

    түүхэнд авч үздэг.

    Эртний грекийн эрдэмтэн Теофрастын “Араншингууд” ном бол

    орчин үеийн сэтгэл судлалын өвөг, Аристотель бол судалгааны

    сэтгэл зүйн шинжлэх ухааны эцэг гэгддэг ч сэтгэлийг судлах арга

    зүй нь интроспекц буюу индивидуумын өөрийнхөө дотрыг ажиглаж

    байгаа тэр л хэлбэр юм гэдгийг томъёолсноороо Вундт албан ёсоор

    шинжлэх ухааны эхийг тавьсан юм.

    Өнөөг хүртэл сэтгэц гэж юу юм бэ гэдэг дээр нэгдмэл ойлголтонд

    хүрээгүй ч ерөнхийдөө бол “Бусад хүмүүстэй хамтын оюун ухаант

    үйл ажиллагааг зохицуулахад зайлшгүй шаардлагатайн үүднээс

    дотоодын туршлагаа ухамсарлах, нөхцөл байдлыг үнэлэх чадвартай

    холбоотой, ертөнцийн тухай болон ертөнц дэх өөрийн байр

    суурийн тухай хувь хүний төсөөлөл”-ийг сэтгэц гэж үзэж байна.

    Энэхүү сэтгэцийн шинж чанаруудын зохион байгуулалтыг сэтгэл

    зүй гэдэг. Сэтгэцийн эмгэг гэдэг бол бусад хувь хүмүүстэй хамтрах

    чадамжгүй, юу хийж байгаагаа дүгнэх ухаангүй, амьдралын

    зорилгоо тодорхойлж чаддаггүй, орон зайд: нийгэмд, гэр бүлд,

    харилцаанд эзэлж буй байр сууриа харах чадваргүй байхыг хэлдэг.

    Ухамсрын нэгж элемент болох мэдрэмж нь объект буюу орны

    талаас илэрч байвал feeling, субъект буюу оронтын талаас илэрч

    байвал emotion гэж ялган авч үздэг, монгол хэл дээр адилхан

    мэдрэмж гэж нэрлээд, гаднаас ирж байгааг тусгал, дотроос гарч

    байгааг сэтгэл хөдлөл гэж ялгаж байна.

    1879 оноос хойш тоолшгүй олон урсгал чиглэлд салбарлан

    хурдацтай хөгжсөн ч сэтгэл зүй нь анхдагч арга зүй буюу өөрийн

    ажиглалт дээр л тогтдог гэдэг дээр хөдөлшгүй.

    Оюуны хөгжлийн бэрхшээлгүй хүний сэтгэлийг гадна талд байгаа

    мэргэжилтэн эдгээхгүй ээ. Зөвхөн сэтгэлээ судлах, өвдөлтөө олох,

    эдгээхэд нь л хүнд тусална.

    Сэтгэл зүй бол миний хоёр дах мэргэжил. Би эх хүүхдийн

    харилцааны сэтгэл заслаар дагнасан. Сэтгэл зүйн онолын шинжлэх

    ухаан, сонгодог сэтгэл судлал, энэ тогтолцооны учир зүйг шинжлэх

    ухаанчаар судалдаг мэргэжлийн сэтгэл зүйчдийг биширдэг.

    Вундт хүний ухамсар нэгж хугацаанд 6 элементийг барьж авах

    чадвартайг судалгаагаар нотолсон нь сохор хүний цагаан толгойн

    үсгийн товгор 6 байхын үндэс болсон. “Аяыг таа” нэвтрүүлэг ч

    сэтгэл зүйн маш том жишээ. Хүн хамгийн ихдээ 3 элементээр бүхэл

    хэсгийг таньж чаддаг. Нэг хоёроор таах бол сод ухаан биш дундаж

    үзүүлэлт. Хоёр зууны өмнөх сэтгэл зүйн шинжлэх ухааны ололт л

    гэхэд энэ. Түүнээс хойшхыг бол яриад ч яах вэ, үнэхээр үг дутна.

    2005 онд ярилцлага авч байсан монгол эмэгтэйн нөхөр европ эр,

    сэтгэл зүйн мэргэжилтэн байсан. Намайг сэтгэл зүйч үү гээд үгүй

    гэхэд их гайхаж байсан. “Энгийн ч биш, бүр маш сайн сэтгэл зүйч

    хүн байна шүү” гэж билээ. Сайн сэтгэл засалч болох замдаа л явж

    байна.

    “Цангаж үхэх гэж байгаа хүн усны араас явж байгаа мэт, төөрсөн

    хүн гэртээ хүрэх замаа хайж байгаа мэт” эрэлд хатсан сэтгэл бүрийг

    гэрт нь хүргэж өгөх гэж зүтгэсээр л явна даа.

    2025 оны 12 сард зарлагдах ГЭРЭЛТ СҮҮДЭР®-с өмнө ОЧИРЫН БОРОО® хөтөлбөр нээлттэй.

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00