Би царай хардаг
Тийм ээ, би царай хардаг. Эрэгтэй хүний царайны өнгө, хувцасны үнэр, гарын арьсны хүрэлцэхүй, үнсэлтийн амт, сэтгэлийн дуу хоолойных нь царайг хардаг. Нүцгэн оюутан байхдаа ч царай муутай ресторанд царай муутайхан дайлмар аядаж байгаа залуугийн царай муутай буудал руу нь явахаас татгалздаг байсан. Ханцуйн дээрх шошгоны нэрийг биш тийм өнгийг сонгосон таашаалынх нь царайг хардаг байсан.
Бас авчирсан цэцэгнийх нь царайг хардаг.
Сарнай улиг болсондоо биш. Богинохон хэдэн сарнайг боож үхмээр боосон баглааны үнээр гав ганцхан галзуу сарнай сонгож чадахгүй хүнтэй яаж нервээ барахаа бодохоос царайгаа хараад дууссан нь дээр.
Ээвэр газрын эмзэгхэнүүдэд ээлгүй монголын минь агаарт эрвээхэй шиг л хоног хүрэхгүй амьдрах ч гэсэн дурсамжинд үүрд үлдэх энхрийхэн баглааг бэлэглэх нүнжигтэй царайнд дурладаг, би. “Эр энергиэ нөхөх гэж “царай муутай” эрчүүдтэй битгий орооцолд. Эсвэл царайлаг, эсвэл огт байгаагүй нь дээр” гээд мэргэжлийн ёс зүйгээ зөрчөөд асуугаагүй байхад зөвлөчихдөг өө, хааяа.
Хамтрагч гэдэг бол эрчим хүч, авир араншин, хүмүүжил, өдөр бүр нүдний өмнүүр нүүгэлтэх уур амьсгал. Энэ бол чиний насан туршийн мэргэжил, үүрдийн идэх хоол.
Аан, хэрэв тэр цэцэггүй ирсэн бол яах вэ?
Мөнгөгүйдээ биш, мөрөөдөлгүйдээ биш, зүгээр л цэцэг авах ухааныг нь дарах аварга том гомдол хөөрхий түүний дотор амьдардаг учраас? Магадгүй дараа нь түүнтэй дэлхийгээр тансаглаж, дээгүүр жаалж болох ч би л лав гомдлын царайнд дургүй ээ.
Гоё царайнд дуртай.
Тиймээс би өөрийгөө гоё царайтай юмсаар хүрээлүүлдэг. Миний уудаг аяга, унтдаг ор, цонхоор харагдах байгаль, өдөржин ширтэх комп, агшин бүр хийдэг ажил маань царайлаг. Өөдөөс харах толь, өмсүүлж гоёж байгаа бие минь царайлаг.
Сэтгэлийн төлвөө царайлаг байлгахын төлөө сэрүүн байгаа бүх цагаа зориулдаг хүмүүстэй л уулздаг болсоон.
Чи царайлаг уу?



