goodali logo
    ИКЕА инсайт

    ИКЕА инсайт

    Би саяхан Икеа орсон юм. Бээжингийн. Амин чухал хэрэг байгаагүй ч Каллакс цувралын тавиураас гоё өнгөтэй байвал авъя гэж бодож байлаа. Тэгээд том тэрэгнээс нь түрлээ дээ. Аяганы угаалтуур, ёолкны тоглоом, зургийн жааз, гэрлийн бүрхүүл, орны даавуу, цонхны хөшиг, хиймэл цэцэг, шуумал баг гээд л явж өглөө. Хямдарсан юм байна гээд тунгалаг савнууд, олдсон дээр нь гээд ор дэрний уут нэмлээ. Ирэх бүртээ л Икеагийн зөөлөн тоглоомноос ахиж авахгүй шүү, тавилгаа л авна гэж боддог ч уламжлал ёсоор ахиад л гэр бүл гэдэг багцыг авлаа. Уул нь бол салангид тоглоомнууд, зүгээр л хэдээр нь нийлүүлээд боогоод тавьчихангуут над мэтийн уран сэтгэмжтэнгүүд нэр өгөөд л шүүрээд авдаг байх л даа. Тэрэг ч дүүрлээ, гэдэс ч өлслөө. Алдарт төмсний нухаштай бөөрөнхий махыг нь аньсны сүмстэй нь хүртлээ. Зайрмаг бол заавал шүү дээ. Ингээд кассан дээр хагас метрийн урттай билл бичүүлсэн ч яг авъя гэснээ аваагүйгээ санасангүй, хэдэн бараагаа орхиод гарснаа ч мэдсэнгүй. Каллаксаас ч тод өнгөтэй хайрцагнуудад бараагаа савлуулж байхдаа
    ...өвлийн хахир үдэш
    өрвийж гагцаар үлдээд
    өөрийн яхир цээж рүүгээ
    өнгийж нэгэн үзэв л... гэдэг шүлгийн мөртүүдийг гэнэт санав.
    Яг үнэндээ би “ЗУН-ы 500 өдөр” кинон дээр Том, Саммер хоёрын Икеад өнгөрүүлсэн болзооны мүүдийг ахин амсах гэж ирснээ өөртөө хүлээн зөвшөөрөв. Амьдрал гэдэг дэлгүүр явахтай л адил юм даа. Сайхан ч юм шиг. Тэр том тэргэнд бүх зүйл байгаа ч юм шиг. Гэхдээ яг амин чухал хэрэгтэй юм тэнд байхгүй. Гэвч түрэх ёстой, тавхай эргэсэн ч тойрох ёстой, дүүргэх ёстой, төлөх ёстой, төлсөн юм чинь хэргийг нь гаргах л ёстой...ёстой...ёстой... Тэгээд цаг хугацаа, эрүүл мэнд, эрчим хүчээрээ тооцоо хийгээд оронд нь бусдын амьдралын зургийг, хүний мэдрэмжийн хуулбарыг авна.
    Хамгийн хайртай дурсамжууд, мөрөөдөл тэмүүлэл маань хүртэл “яг тийм кинон дээрх шиг, ийм зохиолд гардаг шиг, тэрэнтэй адил, энэнтэй ижил...” гэх харьцуулалтаар хэмжигдэнэ...

    Тренд, брэнд, хаанахын ч юм дээдсийн жаяг, хэний ч юм амьдралын хэв маягийг давтах гэж мэрийн гүрийн “нийгмийн жишиг” хэмээх томоос том тэргийг тээглэн түүртэн түрэлгүйгээр, яг өөртөө хэрэгтэйгээ л авч, өр зүрхнээс цэнгэдэг зүйлээ л хийж, жинхэнэ катарсис-оюуны оргазмыг оргилуулж байгаарай гэж чамдаа би хүсмээр байна!

    Чиний цоо шинэ цуглуулгын-жинхэнэ чиний паазлуудын эхнийх энэ байна!

    ГЭРЭЛТ СҮҮДЭР®, Ангижрал цомог©

    Төстэй бичвэрүүд

    Үнэгний үлдээсэн ээж

    Үнэгний үлдээсэн ээж

    Хүүхдийн хамгийн том айдас бол ээж нь алга болох. Чамайг гэрт ганцааранг чинь орхиод “Одоохон ирнэ ээ” гэчхээд алга болох.Чамд ийм айдас байсан уу?Надад байсан.Багын нэг зүүдээ би маш тод санадаг. Ээжийг минь нэг трактортай үнэг авч явах гээд байгаа тухай. Ээж минь тэр зүүдэнд байдаггүй. Үнэг, үнэгчлэх, үнэг хайчлах гээд их ярьдаг, сонсдог байснаас болсон уу, эсвэл үнэхээр хүүхэд ээжийг нь үнэг аваад явчихна гэж зүүдэлдэг үү, мэдэхгүй юм. Циркийн баруун талын угсармал саарал барилгын дэргэд саарал манан дунд саарал зам дээр зогссон хамар дээрээ яндантай час улаан трактор. Жолооны ард гал улаан үнэг. Би очоод цонхных нь тээр доор зогсоод гуйгаад л байна. Тэгтэл үнэг гарч ирээд хүн шиг хойд хөлөн дээрээ зогсоход хойд талын том дугуйнаасаа өндөр, бүр цонхноосоо ч өндөр болно. Тэр ээжийг минь авдаггүй. Би энэ зүүдийг олон удаа зүүдэлсэн, үнэг ээжийг минь авахгүй гэдгийг мэддэг, зүүдэлж байгаагаа мэддэг ч энэ зүүд эхлэнгүүт айдаг байсан сан. Би үнэгийг зөвхөн циркт харж байсан. Жижиг, өнгө бүдэг, нэг л сүлдгүй. Харин миний зүүдний үнэг бол том, өнгө нь гэрэлтсэн, сүрлэг, ухаалаг байсан. Би одоо ч хүртэл үнэгэнд дуртай. Шинэ жилийн гацууран дээр минь хэчнээн олон үнэг байдаг гээ. Цагаан, бор, хар үнэг байгаа ч улбар шар үнэгэнд би дуртай байдаг. Ээжийг минь надад үлдээсэн болохоор.Хүүхдээ хэзээ ч ганцааранг нь битгий орхиж байгаарай. Хэчнээн төвөгтэй байвч хажуудаа аваад л явж байгаарай.Сэтгэлийн хүүхдээ ч бас.Тэр хүүхэд хичнээн том болж, бас эргээд жижигхээн болж, бууралтан бөгтийсөн ч ээжийгээ үнэгнээс гуйсаар байдаг юм.ГЭРЭЛТ СҮҮДЭР®, Айдас...

  1. Танихгүй хүмүүс

    Танихгүй хүмүүс

    Би нэг удаа танил дээрээ дугааргүй үйлчлүүлэхдээ “яаралтай”-гийн нэмэлт төлбөрийг хийгээгүй юм. “Тэгэх гэж л танил дээрээ очиж байгаа биз дээ” гэж тайтгаруулсан үеэл эгчдээ тухайн үедээ баярласан ч төд удалгүй энэ увайгүй үйлдэлдээ улам санаа зовох болсон. Тэр хэрээр “Танилд бүү төл, эсвэл талыг нь төл” үзэл миний мөнгийг хэмнэх биш харин ч олзны үүдийг хааж байдгийг ойлгож билээ...Жек Ма бол үүнийг аль дивангарын ойлгосон хүн юм билээ л дээ. “Гэрийнхэн, найзууддаа юу ч зарсан тэдний мөнгөөр чи бизнес хийлээ гэлцэхийг хүлээн авахад бэлэн үү? Хэчнээн ч хямдхан зарсан чамайг тэдэн дээр хөлжсөн өөдгүй амьтан л гэхэд тэвчих үү? Таньдаг нэгнээ дэмжсэнээс хуурагдсан ч хамаагүй танихгүй хүнд мөнгөө өгөхийг хүмүүс илүүд үздэг, тээ? Таньдаг болохоор чиний тухай ямар нэг муу зүйлийг мэднэ, харин танихгүй хүний тухай муу юм огт мэдэхгүй учраас чамаас илүү гэдэгт харанхуй итгэнэ. “Тэр муу над дээр хэчнээнийг хийсэн бол, эсвэл хэдийг хэмнэсэн бол муу хог...” гэж танилууд чинь үргэлж бодох болно. Энэ бол үгээгүй ядуу хүмүүсийн менталитет юм.Харин баян хүмүүс яаж баян болдог гээч? Тэд хамтрагч, түнш, харилцагч нарынхаа бизнесийг дэмждэг, мэдээж хариуд нь үүнээсээ ч илүү дэмжлэгийг олдог. Хэрэв энэ зүй тогтлыг ойлговол та баяжна. Мэдээж гэнэт баяжсан ядуу хүнтэй учирч болох ч жинхэнэ баячууд энэ л зарчмаар ажилладаг. Бизнесээ эхлэх үед анхны худалдан авагчид тань дандаа танихгүй хүмүүс байх болно. Гэр бүл, найзууд, танилын хүрээнийхэн чинь нүүр буруулахад зүгээр л бэлэн бай. Харин амжилтаа тэмдэглэн хүндэтгэлийн зоог барих үед өнөөх танихгүй хүмүүсээс бусад нь толгой дараалан ирсэн байхыг та харна. Хүн ийм л байдаг. Харин та өөр бай. Баян хүн шиг сэтгэ. Том бай”.Том болохын тулд өмнө нь жижиг байхдаа хийж байсан бүх зүйлээ яг эсрэгээр нь хийх ёстой болно. Ажлаа хайрлах, үйлчлүүлэгчдээ талархах, танилдаа хөрөнгө оруулах, эхэлснээ дуусгах, зорьсноо хэрэгжүүлэх, өөртөө итгэх, амьдралаа хүндэтгэх. “Өө яааг хийх гэж байтал өвдөөд\тог тасраад\гэнэт ажил гараад\дарга дуудаад\хөл хориод\ертөнц сүйрээд...” гэж байгаа цагтаа жижкээн хэвээрээ үлдэнээ бидэн чинь. Яагаад гэвэл эд бол өдөр болгон л болж байдаг өдөр тутмын амьдрал. Гэнэтийн юмгүй өдөр гэж байдаггүй. Гэнэтийн учраас л амьдрал байдгийг ойлгосон цагт том болно. Харин үүнийг эргэлт буцалтгүй болсон эцсийн мөчид мөнгөнөөс их үнээр ойлгож байснаас мөнгөөр төлбөрөө хийгээд ухаараад авсан нь дээр ээ.ГЭРЭЛТ СҮҮДЭР®, Олзны дээд лекц©

  2. Миний үнэн

    Миний үнэн

    Намайг бага байхын л “лавлаа Даш” гэдэг байсан. Бусдын өнгөрдөг юман дээр өнгөрөөд өгчихдөггүй, ухаж, лавлаж, яршиг удаж явдаг надаас нойтон хамуу гэж зайгаа барьцгаадаг байсан. Би нэг л биш юм байна гэж удаан бодож явсөөн. Яагаад бүгдээрээ ойлгоод байхад би л дандаа ойлгохгүй, эргэлзэж явдаг юм бол? Бусдаас асуухлаар сурах бичиг дээр байгаа юмны л хэрчим зүсмээс өм цөм цээжилснээ бувтнана. Би ч гэсэн цээжилж, түүнийгээ шүлэг шиг уншиж чадна, гэвч би ойлгомоор байна шүү дээ. Багш болгон миний хамууралд хүлцэнгүй хандаагүй. Өөр шигээ ийм ядаргаатай хүнтэй тээр хойно учрах хүртлээ би л ганцаараа ийм гажиг гэж боддог байлаа. “Алив, асуултыг чинь ойлгосонгүй, арай нарийн тайлбарла даа. Харин хариултан дээр чи ийм юм тооцоогүй юм шиг байх юм, нөгөө өнцгөөс харах гээд үз дээ”. Хүн миний ярихыг сонсоод санаа алдан тэнгэр ширтэж, дүр үзүүлэн гэм мэдрүүлэхгүйгээр зүгээр л шууд ингээд хэлэхийг сонсох нь ямар гайхмаар байсан гээч. Олон үгнээс минь төвөгшөөлгүй миний саналыг асууж, хэлснийг минь ойлгох гэж хамтдаа нухаж, тал бүрээс нь харахыг оролдохыг хараад “Ийм юм үнэхээр байж болно гэж үү?” гэж боддог байлаа. Дараа нь ийм эмэгтэйтэй бас танилцсан. “Чамд үнэхээр сонирхолтой байна уу? Дэндүү олон юм детальчлаад байна уу? Би удаан бодоод байгаа минь чамд зүгээр үү?” гэж байн байн асуух түүнээс “Чи дандаа л ингэх юм...” гэж адлах хүмүүсээс айсан жаахан охин цухалзан буйг таньдаг байлаа.Энэ ухагч, өрөмдөгч, тал талаас таслан, задлан тоншигч зан минь дутагдал бишээр барахгүй бүр онцгой авьяас болохыг би хожуу мэдсэн. Өнөөдөр би хүнийг хараад сэтгэлзүйн асуудлуудыг нь хэлдэг, цаг ярилцаад амьдралын зохиолыг нь хардаг, хэдэн уулзалтаар оршихуйн стратегийг нь гаргаж ирдэг болох хүртлээ сая сая асуудлуудыг ухаж төнхсөн юм. Гэхдээ хүмүүс ҮНЭН-д бэлэн биш байдаг. Хүмүүст итгэл найдвар, үлгэр, мөрөөдөл хэрэгтэй болохоос нүцгэн үнэн хэрэггүй байдаг.Харин чамд чиний тухай ҮНЭН хэрэгтэй байна уу?ГЭРЭЛТ СҮҮДЭР®, Сэтгэлийн гэр лекц©

    0:000:00